“Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт уралдааныг хамтран зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-11-21 11:21:29
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт уралдааныг хамтран зохион байгуулахаар “Москва” олимпийн зөвлөлийн дарга Д.Эрдэнэбилэг, аймгийн боловсрол, соёл урлагийн газрын дарга Б.Эрдэнэбаатар, биеийн тамир, спортын газрын дарга А.Ханддорж нар гэрээ байгууллаа.
Монголын үндэсний олимпийн хорооноос улсын хэмжээнд олимпийн хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх, сурагчдын олимпийн боловсролыг дээшлүүлэх, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, тэднийг спортод дур сонирхолтой болгож өөрийгөө нээн хөгжүүлэх, олимпийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэхээр зарласан болзолт уралдааныг үр дүнтэй зохион байгуулахаар гэрээнд заажээ.
Сургууль бүр “Олимпийн өдөр” зохион байгуулах, гар зураг, шүлэг, эссэ бичлэгийн уралдаан, танин мэдэхүйн тэмцээн, уулзалт, сургуулийн хэмжээнд уралдаан тэмцээн зохион байгуулах, секц дугуйлан хичээллүүлэх, баг тамирчдаа тэмцээнд оролцуулах зэрэг шалгуур үзүүлэлтийг хэрэгжүүлэх юм.
Тус аймгийн хувьд “Шатар” хөтөлбөрийг тав дахь жилдээ хэрэгжүүлж байгаа учир “Сургуулиараа шатарчин болох хөдөлгөөн” өрнүүлсэн байх шаардлагыг хангах бүрэн боломж байгаа аж.
Мөн Булган хангай нутгаас олимпийн наадамд манай улсаас оролцсон багийн анхны тугч, олимпийн наадмын анхны аварга, мөнгөн медальтан төрсөн гээд олимпийн тухай сонин содон түүх баримт нэлээд бий.
М.Батжаргал
Холбоотой мэдээ