Алтанбулагийн 64 айлын байрны халаалтын хөрөнгийг шийдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-10-18 23:46:24
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Алтанбулаг сумын өмнө тулгамдаад байсан асуудлыг аймгийн Засаг дарга анхааралдаа авч, тус сумын иргэдийн гомдлын дагуу ажилласнаар эл асуудал шийдэгдэж, 64 айлын хувь заяа нааштайгаар эргэлээ.
Аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан даваа гарагт болж, Алтанбулаг сумын 64 айлын нийтийн орон сууцны халаалт дулаанд шаардлагатай 52 сая төгрөгийг шийдвэрлэлээ. Онцгой комиссын хуралдааны үеэр аймгийн Засаг дарга Ш.Оргил хүйтний ам тулж ирээд байгаа энэ цаг мөчид тухайн байруудад амьдарч байгаа айл өрхүүд халаалт аваагүй байж болохгүй гэдгийг онцолсон юм. Ингээд аймгийн “Урсгал ус”, “Сэлэнгэ Энерго” зэрэг мэргэжлийн байгууллагуудад холбогдох арга хэмжээг шуурхай авч, мэргэжил арга зүйгээр ханган ажиллах үүрэг чиглэл өглөө. Мөн Алтанбулаг сумын удирдлагуудад түлээ нүүрсээ базаан уурын зуухныхаа тасралтгүй үйл ажиллагааг хангаж, ямар нэг асуудал гаргалгүй ажиллуулах, дулааны шугам хоолой, айл өрхийн сантехникийн засвар үйлчилгээг мэргэжлийн хүнээр хийлгэх ёстойг онцгойлон анхаарууллаа. Тус сумын 64 айлын байрныхан өнөөдрийн байдлаар халаалт нь доголдолтой ирж байгаа бөгөөд өмнөх жилүүдэд бүр ямар ч халаалтгүй цэвдэг байранд гал түлэх, зарим нь байрандаа амьдарч чадахгүй өөр газар өвөлжих зэргээр зутруухан явсаар өдий хүрчээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ