Умард Солонгосын пуужингийн туршилтад ямар хариу барих вэ гэдгийг хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
adiyakhuu@montsame.mn
2017-07-05 12:08:46

ВАШИНГТОН./VOA/. Өчигдөр Цагаан ордонд болсон яаралтай хуралдаанд Пентагон, Төрийн Департамент болон АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгчид оролцлоо. Хуралдааны үеэр хэлэлцсэн үндсэн асуудал бол Умард Солонгос шинэ баллистик пуужин туршсан явдал байв.

Одоогийн байдлаар АНУ-ын цэрэг, тагнуулын албад хиймэл дагуулууд болон нисэх хүчнээс авсан мэдээллүүд болон бүс нутаг дахь холбоотнуудаасаа авсан мэдээллүүдийг нягталж байна. Ингэснээр тив алгасах баллистик пуужин амжилттай туршсан гэж Умард Солонгосын тал мэдэгдэж байгаа нь бодит байдалд нийцэж байгаа эсэхийг тогтоох юм.  

Хэрвээ техникийн шинжээчид “Умард Солонгос ийм төрлийн пуужинг туршсан нь үнэн” гэсэн дүгнэлт хийх аваас энэ үйлдлийн хариуд ямар арга хэмжээ авах гэдгийг Ерөнхийлөгч болон Батлан хамгаалах яам шийдвэрлэх ажээ. Энэ тохиолдолд Номхон далайн баруун хэсэгт явж буй бүх хөлөг онгоц, мөн Аляскийн хойг, Япон, Өмнөд Солонгост байрлаж буй цэргийн баазуудад байгаа пуужингийн довтолгооноос хамгаалах системүүдийг байлдааны бүрэн бэлэн байдалд оруулах юм.  

Түүнээс гадна, Ерөнхийлөгчийн захирамжаар нисэх онгоц тээгч хөлөг онгоцноос бүрдсэн цохилтын бүлгийг Солонгосын хойг руу илгээж магадгүй ажээ. Түүнчлэн Өмнөд Солонгос руу цэргийн нэмэлт хүч илгээж магадлалтай. Үүний сацуу Пхеньяны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авч магадгүй юм.

Гэсэн хэдий ч Умард Солонгосын тал хөрш орнуудынхаа эсрэг пуужингийн довтолгоо хийж чадна гэдэгт Д.Трампын засаг захиргааныхан эргэлзэж байна.

Б.Адъяахүү
 

 
 



Холбоотой мэдээ