Америкчууд 241 дэх удаагаа үндэсний баяраа тэмдэглэж байна

Дэлхийд | Улс төр
adiyakhuu@montsame.mn
2017-07-04 08:55:55
НЬЮ-ЙОРК./TASS/.Америкчууд өнөөдөр Тусгаар тогтнолын өдөр буюу үндэсний баяраа тэмдэглэж байна. Энэ өдөр бол албан ёсоор амралтын өдөр бөгөөд АНУ-ын иргэд энэ онд улс орныхоо байгуулагдсан өдрийг 241 дэх удаагаа тэмдэглэж байгаа юм. 

Тогтсон уламжлал ёсоор америкчуудын ихэнх нь энэ өдрийг гэртээ бус гадуур салхинд гарах, ах дүү төрөл төрөгсөдтэйгээ уулзах, баярын жагсаалд оролцох  зэргээр өнгөрүүлэхийг эрхэмлэдэг. Олон сая америкчууд хамаатан садан, найз нөхөдтэйгээ уулзахаар өөр муж улсууд руу явж буй энэ үед эрх баригчид аюулгүй байдлыг хангах чангатгасан арга хэмжээ авч байна.

Түүх сөхвөл, 1776 оны 7 дүгээр сарын 4-ний өдөр Пенсильвания муж улсын Филадельфия хотод болсон Эх газрын 2 дугаар их хурлаар Тусгаар тогтнолын тунхагийг баталжээ. Энэхүү баримт бичигт заасны дагуу Хойд Америкийн зүүн эргийн дагуух 13 муж Их Британийн захиргаанаас гарсан байна. Ингэснээр Америкийн Нэгдсэн Улс гэдэг шинэ улс байгуулагдсан билээ. Харин энэ тухай мэдээг Их Британийн эзэн хаан Георг III хоёр сарын дараа сонссон гэдэг.

Энэ өдрийн талаарх сонирхолтой тоонуудыг дурдъя. Тусгаар тогтнолын энэ өдөр америкчууд хотын захад гарч зугаалж/пикник/, шарсан махтай хоол /барбекю/ хийж идэх дуртай. Нью-Йорк хотод өнөөдөр хот-догийг хэн хурдан идэх вэ гэдэг тэмцээн болох гэж байна. Баярын өдрөөр америкчууд нийтдээ 150 сая ширхэг халуун зайдастай талх иддэг гэсэн тоо бий. Түүнээс гадна баярын зуушны даруулга болгож 1,6 тэрбум долларын согтууруулах ундаа хэрэглэдэг гэнэ.

Б.Адъяахүү    
Холбоотой мэдээ