Р. Дутерте Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай аралд очихгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-04-14 09:11:59

МАНИЛА./Reuters/.Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дютерте Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай аралд очихоор төлөвлөөд байсан боловч Бээжингийн зүгээс анхааруулга өгсний дараа энэ төлөвлөгөөгөө цуцалжээ. 

Хэт түрэмгий Филиппиний төрийн тэргүүн “Титу” арал дээр төрийн далбаагаа мандуулж, цэргийн хуаран, бэхлэлт барина гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.

“Ийм цаг үед битгий л тийшээ яваарай, гуйж байна" гэж тэд хэлсэн. Бид Хятадтай найрамдал нөхөрлөлийн харилцаатай, түүнийгээ дээдэлдэг учраас хийсэн үйлдлээ тэвчин залруулна” гэж тэрбээр хэлээд өөрийн хүүг тус арал руу явуулж магадгүй гэж нэмж хэлсэн байна.

Жилд 5 их наяд долларын усан замын худалдаа хийгддэг Өмнөд Хятадын тэнгисийн ихэнх хэсгийг Хятад улс өөрийнх гэж үздэг. Мөн Бруней, Малайз, Филиппин, Тайвань болон Вьетнам улс зарим арлуудыг өөрсдийн мэдлийнх гэж үздэг билээ.

"Хэрэв маргалдагч талуудын төрийн тэргүүн нар маргаантай арлууд дээр очоод далбаагаа зоогоод байвал “төвөгтэй асуудал үүснэ" гэж Бээжин анхааруулсан гэж Р. Дютерте хэлжээ.

Олон нийтийн анхааралд байнга өртдөг тэрбээр худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх асуудлаар Ойрхи Дорнодод долоо хоногийн айлчлал хийж байгаа бөгөөд гадаадад байгаа филиппинчүүдтэй уулзах аж. Ойрхи Дорнод бол Филиппин рүү мөнгөн шилжүүлэг хийдэг хоёр дахь том эх үүсвэр бөгөөд засгийн газрын мэдээгээр, өнгөрсөн онд гадаадад ажилладаг  нэг сая гаруй филиппин ажилчид 7.6 тэрбум долларыг эх орон руугаа гуйвуулсан байна.

Х.Сарнай

Холбоотой мэдээ