Санкт-Петербургийн метроны халдлагатай холбогдуулан 8 хүнийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-04-07 08:22:41

САНКТ-ПЕТЕРБУРГ. /TASS/. Энэ долоо хоногийн даваа гарагт Санкт-Петербург хотын метроны буудалд болсон дэлбэрэлттэй холбогдуулан Оросын мөрдөгчид найман хүнийг баривчилжээ.

Акбаржон Жалилов гэгч 22 настай, киргиз залуу метронд өөрийгөө дэлбэлсний улмаас 14 хүн амь үрэгдэж, 50 орчим хүн шархадсан билээ.

Оросын Мөрдөн шалгах хорооны мэдэгдсэнээр, мөрдөгчид энэ хэрэгтэй холбогдуулан Санкт-Петербург хотод зургаан хүн, нийслэл Москва хотод хоёр хүнийг баривчилжээ.

Баривчлагдсан хүмүүсийн гэрт нэг тэсрэх төхөөрөг, гар буу болон сум байсныг хураан авчээ. Тэсрэх төхөөрөг нь Акбаржон Жалиловын өөр нэг метроны буудалд суурилуулсан байсан, албаны хүмүүс сүүлд олж илрүүлэн аюулгүй болгосон тэсрэх төхөөрөгтэй төстэй байжээ.

Даваа гарагт халдлага үйлдсэн этгээд “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлтэй холбоотой эсэхийг Оросын холбогдох албаны хүмүүс шалгаж байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ