Энергийн төвийг 600 орчим сая төгрөгөөр иж бүрэн тохижуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-04-06 10:50:13

Хөвсгөл \МОНЦАМЭ \ Хөвсгөл аймаг аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Далай ээжийн шүтээн, Бөө мөргөлийн онгод төв зэргийг байгуулж, уртраг өргөрөгийн огтлолцол бүхий энергийн төвийг иж бүрэн тохижуулна.

Алаг-Эрдэнэ сумын Эрхэлийн хөндий Эрдэнэ хайрханы өвөрт  дэлхийн бөмбөрцөгийн хойд өргөрөгийн 50 градус, уртрагийн 100 градусын огтлолцлын цэг бүхий энергийн төв байна гэдгийг Япон Монголын эрдэмтэд тогтоосон байна. Тус төвийн орчмыг өнгөрсөн жил 23 сая төгрөгөөр бүтээн байгуулалтын ажил хийсэн бол энэ онд дахин тендэр зарлаж Адмо наяд компани тохижилтыг хийж гүйцэтгэхээр болжээ. Энергийн төвийн ойролцоо автомашин явуулахгүй бөгөөд иргэд шатаар өгсөж очих замдаа орон нутгийн онцлогийг харуулсан бүтээлүүдтэй танилцаж гадна дотны хэн ч ирсэн Дэлхийн энергийн төв юм байна гэсэн ойголт төрүүлэх орчин бүрдүүлэх гэнэ. Мөн задгай театр, үзмэр, ногоон байгууламж зэргийг төлөвлөсөн бөгөөд санхүүжилтыг хувийн хэвшилтэй хамтран хийж хэрэгжүүлэх аж. Энд сүүлийн үед нутгийн иргэд төдийгүй гадаад дотоодын жуулчид ч их ирдэг болжээ. Ялангуяа шинэ оны өглөөний нар, цагаан сарын шинийн нэгний өглөөний нарыг энергийн төвөөс харахаар зорин очдог байна. Энэ зуны хувьд өдөрт 100-200 орчим иргэн тогтмол ирсэн гэдгийг нутгийн иргэд хэлж байлаа. Энергийн төвийн хажууд сүү өргөх тогоо, сүү дусаах дөрөө, дэлхийн бөмбөрцөг, цацал, сандал ширээ зэргийг өнгөрсөн онд хийсэн ажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ