Иргэдэд өмчлүүлсэн болон эзэмшүүлсэн газрын ашиглалтыг дахин хянах үүрэг өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-08 13:16:34

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид энэ сарын 4-ний өдөр шинэ оныхоо анхны хуралдааныг хийлээ.

Тэргүүлэгчид өнгөрсөн 2016 онд нийтдээ 21 удаа хуралдаж, 116 тогтоол шийдвэр гаргасан байна. Энэ удаагийнхаа хуралдаанаар 2017 онд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээг батлах тухай асуудлыг хэлэлцсэн байна.

Сэлэнгэ аймгийн 17 сумын ИТХ-аар батлан гаргасан санал дээр үндэслэн аймгийн ИТХ-аас жил бүр тухайн онд иргэдэд өмчлүүлж, эзэмшүүлэх газрыг батлан гаргаж шийдвэрлэдэг журмын дагуу эл асуудлыг хэлэлцжээ. Ингэснээр иргэд 2017 онд аймгийн төлөвлөгөөнд тусгагдсан, ИТХ-аар батлагдсан газрыг өмчлөх, эзэмших эрх зүйн боломж бүрдэж байгаа юм. Хуралдааны үеэр аймгийн ИТХ-ын даргын зүгээс аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтнүүдэд хандаж 2016 онд иргэдэд өмчлүүлсэн болон эзэмшүүлсэн газрыг дахин хянаж, хэрхэн зөв зориулалттайгаар ашиглаж байгааг эргэн шалгах үүрэг өгчээ.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ