Дэндэвийн Пүрэвдорж агсны төрсөн өдрөөр мод тарилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 13:02:23

Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны 82 жилийн төрсөн өдрөөр Өвөрхангай аймгийн "Арвайн хүрээ" утга зохиолын нэгдлийн 60 жилийн ойн арга хэмжээ боллоо.

Монголын Зохиолчдын Эвлэлийн төлөөлөл буюу Ардын уран зохиолч Т.Галсан, Соёлын гавьяат зүтгэтэн яруу найрагч Н.Даваадаш, Болор цомын эзэн Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг, А.Эрдэнэ Очир, Ж.Баяржаргал, зохиолч, сэтгүүлч Ж. Сарантуяа, М.Наранбаатар, зураач, яруу найрагч П.Энхтөр зэрэг 23 бүрэлдэхүүн Арвайхээр хотноо хүрэлцэн ирж уг арга хэмжээнд оролцлоо. Яруу найрагчид Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд 60 ширхэг  мод тарьж, мод тарихын ашиг тус, ач буяныг олон нийтэд сурталчлан таниулсан юм.

Мөн  аймгийн номын санд 60 ном бэлэглэж, уран зохиолд элэгтэй, яруу найрагт дуртай зон олныхоо хамтаар "Уран үгсийн чуулган"-ыг зохион байгуулж, Өвөрхангай нутгийн зохиолчдын уран бүтээлийн дээжийг эмхэтгэн хэвлүүлсэн “Арвайн хүрээний алтан шастир” номын нээлтийг хийлээ.

  Эдгээр арга хэмжээг Есөн зүйл сумын уугуул, хүүхдийн "Хүрэл тулга" наадмын шагналт,  УИХ-ын АН бүлгийн ажлын албаны дарга С. Дэмчиг ивээн тэтгэсэн байна.

 

Холбоотой мэдээ