ХОВД: Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, дадлага хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Ховд
аймгийн төв буюу Жаргалант суманд 2026 оны 5 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд “Гамшгаас
хамгаалах иж бүрэн сургууль, дадлага” зохион байгуулахаар төлөвлөж байна.
Үүнтэй
холбогдуулан Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Нэргүйгээр
ахлуулсан ажлын баг өнөөдөр Жаргалант сумын удирдлага, холбогдох мэргэжилтнүүдтэй уулзлаа.
Уулзалтын
үеэр сумын Онцгой комиссын гишүүд, багийн дарга, нийгмийн ажилтнуудад гамшгаас
хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг хэрхэн хангах талаар мэргэжил, арга
зүйн зөвлөмж өгөв.
Тус
дадлага сургуулийг Ховд аймгийн Засаг даргын 2026 оны А/49 дүгээр захирамжийн дагуу
хэрэгжүүлэх ба гамшгийн үед ажиллах бэлэн байдлыг хангах, иргэд,
байгууллагуудыг зөв мэдлэг, дадалтай болгох, хамтын ажиллагааг сайжруулах, гамшиг
аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг
бодитоор турших, эрсдэлийг бууруулахыг зорьж байна.
Ташрамд, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн
зөвлөл энэ онд гамшгийн эрсдэлийг бууруулах ажилд 140 сая төгрөг зарцуулахаар тусгажээ. Улмаар иргэдийг
соён гэгээрүүлэх, гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх дөрвөн бүлэг, 18 заалт
бүхий ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Мөн аймаг, сумдын мэргэжлийн байгууллагууд
гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байгаа юм.