ЗАВХАН: Рашаан сувиллын үйлчилгээ уламжлалт хэлбэрээр зонхилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-04-17 13:11:28

Улиастай. 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Завхан аймагт рашааны ордыг түшиглэсэн орчин үеийн тохилог сувиллын газрууд цөөн бөгөөд рашааныг ихэвчлэн монгол уламжлалт аргаар ашиглаж байна.


Аймгийн хэмжээнд олон улсын үнэлэмж хангахуйц 20 гаруй рашааны орд байдгаас 18-ыг нь шинжилгээнд хамруулж, 6 нь халуун, 12 нь хүйтэн рашаан болохыг тогтоосон тухай газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд дурджээ.


Одоогоор сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй таван рашаан сувилал байна. Эдгээр нь Их-Уул, Нөмрөг, Алдархаан, Тосонцэнгэл сумдад байрлах бөгөөд 80-210 хүн хүлээн авах хүчин чадалтай юм.

Аймгийн хэмжээнд бүртгэлтэй 14 рашаанаас 28.5 хувь нь амралтын газартай болсон байна. Үүнээс Улаан хаалга, Баянзүрх, Хожуулын, Зарт, Отгонтэнгэрийн рашаан сувилал, амралтын газрууд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.


Эдгээр газрууд нь жил бүрийн зургаадугаар сараас есдүгээр сар хүртэл ажиллаж, шавар эмчилгээ, зүү төөнүүр, бариа засал, рашаан ууж хэрэглэх зэрэг монгол уламжлалт эмчилгээ, үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.

Холбоотой мэдээ