ЗАВХАН: Хөв цөөрөм ашиглалтад орууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай. 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Завхан
аймгийн Сонгино суманд “Нэг нуур–Нэг сум” хөтөлбөрийн хүрээнд барьсан хөв
цөөрмийг ашиглалтад оруулж, эхний үр дүнгээ өгч эхэлжээ.
Усны нөөцийг хуримтлуулах, жигд хуваарилах зорилгоор тус хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд улсын хэмжээнд 330 сум, сууринд хурын усыг хуримтлуулах нуур, усан сан байгуулахаар төлөвлөжээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас хэрэгжүүлж
буй уг хөтөлбөрийн хүрээнд Сонгино суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар
байгуулсан хөв цөөрөмд ус хуримтлагдаж, бодит үр өгөөжөө үзүүлж эхэлсэн байна.
Тус байгууламж нь орон нутгийн усны нөөцийг нэмэгдүүлэх, ус хангамжийн
нөхцөлийг сайжруулах, тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.
Мөн хуримтлагдсан усыг бохирдол, хомстолоос хамгаалах, бүс нутгийн онцлогт тохирсон ус дахин ашиглах технологийг нэвтрүүлэх ажлыг давхар хэрэгжүүлж байна. Одоогоор Усны газрын мэргэжилтнүүд тус байгууламжид захиалагчийн хяналт тавин ажиллаж байгаа талаар Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Ийнхүү манай улс хүн ам, мал аж ахуй, газар тариалангийн усан хангамжийг нэмэгдүүлэх, үерийн эрсдэлээс хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор хөв цөөрөм байгуулах ажлыг эхлүүлээд байна. Хөв цөөрөм нь мөн, зэрлэг амьтдын усны эх үүсвэр болохоос гадна орчны хуурайшилтыг бууруулах, хөрсний чанарыг сайжруулах, ургамал ургах таатай нөхцөлийг бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Сонгино сум, хөв цөөрөм