ЗАВХАН: Дасгал хөдөлгөөнд хамрагдах иргэдийн тоо өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-04-16 12:35:29

Улиастай. 2026 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн иргэдийг эрүүл мэнддээ анхаарч, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхийг уриалсан үйл ажиллагаа өргөжиж байна.


Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн хэмжээнд иргэдийг идэвхтэй алхах, биеийн тамир, спортоор хичээллэхийг мэргэжлийн байгууллагууд болон клубууд жил бүр уриалж, тодорхой ажлуудыг зохион байгуулж иржээ.


Энэхүү ажлын үр дүнд Улиастай сумын төрийн байгууллагын ажилтнууд болон иргэдийн дунд алхах, спортоор хичээллэх, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах идэвх эрс нэмэгдсэн байна. Мөн иргэдийн дасгал хөдөлгөөнийг дэмжих зорилгоор нийтийг хамарсан үйл ажиллагааг тогтмол зохион байгуулахаас гадна аймгийн цэнгэлдэх хүрээлэнг өдөр бүр нээлттэй байлгах болжээ. Үүний үр дүнд иргэд сайн дураараа очиж дасгал хөдөлгөөн хийх, гүйх нь нэмэгдэж, өглөө бүр дунджаар 60 орчим хүн цуглан идэвхтэй хөдөлгөөн хийж байгаа талаар аймгийн Биеийн тамир, спортын газраас мэдээлэв.


Тус аймагт халдварт бус өвчлөлийн дунд цусны даралт ихсэлт зонхилж байгаа тул албан байгууллага, сургуулиудад ажлын байрны дасгалыг тогтмолжуулах, олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн болон спортын зааланд нийтийн бүжиг, фитнесийн хичээлийг тогтмол явуулах, алхалт, гүйлтийг дэмжих аянуудыг өрнүүлж байна.

Үүнтэй зэрэгцэн иргэдэд даралтаа тогтмол хянах, эрүүл зөв хооллох, өдөр тутмын дасгал хөдөлгөөнийг хэвшүүлэх талаар зөвлөмжийг Эрүүл мэндийн газар болон эрүүл мэндийн төвүүдээс тогтмол өгч байна.


Мөн хүн амын хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор өглөөний алхалт, амралтын өдрийг үр дүнтэй өнгөрүүлэх нэг өдрийн аялал, алхалтыг зохион байгуулж байгаа бөгөөд аймгийн Явган алхалтын клуб энэ чиглэлд идэвх, санаачилгатай ажиллаж байна. Одоогоор тус клубийн зохион байгуулсан алхалтуудад давхардсан тоогоор 360 орчим хүн хамрагджээ. Тус клуб энэ сарын 19-ний өдөр “Цөнгийн түрлэгтэй алхалт”-ыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Өглөө бүр цэнгэлдэх хүрээлэнд дасгал хийж гүйх иргэдийн тоо нэмэгджээ


Улиастай сумын алхагчид


Холбоотой мэдээ