ЗАВХАН: Баянзүрхийн рашаан амралт ахмадуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-04-14 17:25:02

Улиастай. 2026 оны дөрөвдүгээр сарын 14. /МОНЦАМЭ/. Энэ онд Завхан аймгийн Улаан хаалга, Баянзүрхийн рашаан сувиллын газрууд ахмад настанд эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх шалгуур хангажээ.


Ахмад настны тухай хуулийн 8.1.2-т заасны дагуу улсын хэмжээнд энэ жил амралтын 31, сувиллын 21 буюу нийт 52 байгууллага сонгогдож, ахмад настныг хүлээн авах юм.


Засгийн газрын 159 дүгээр тогтоолоор ахмад настан жилд нэг удаа долоо хүртэл хоног амарч, сувилуулах боломжтой бөгөөд нэг ор хоногийн хөнгөлөлтийг амралтын газарт 35 мянга, сувиллын газарт 40 мянган төгрөгөөр тус тус тогтоосон байна. Хөнгөлөлттэй эрхийн бичгийг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс болон сум, хорооны холбогдох мэргэжилтнээр дамжуулан цахимаар авах боломжтой бөгөөд иргэд гэрээт амралт, сувиллын байгууллагаас сонгон үйлчлүүлэх юм.


Ташрамд дурдахад, Завхан аймгийн Нөмрөг суманд орших Баянзүрхийн рашаан нь далайн түвшнээс дээш 2080 метрийн өндөрт, ой модоор хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнт бүсэд байрладаг. Уг рашааныг нутгийн иргэд эртнээс элэг, цөс, ходоод зэрэг дотор эрхтний архаг өвчнийг анагаахад ашиглаж иржээ.


Тус сувилал нь 24 байр, гал тогоо, эмнэлэг, халуун ус, спорт, тоглоомын талбай бүхий цогц үйлчилгээтэй бөгөөд нэг ээлждээ 120 амрагч хүлээн авах хүчин чадалтай. Жил бүрийн 6-9 дүгээр сард улирлын чанартай үйл ажиллагаа явуулж, байгалийн аялал, морин болон хөсөгт аялал, малчин айлд зочлох зэрэг аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг байна.

Мөн уламжлалт анагаах ухааны чиглэлээр мэргэшсэн эмч, сувилагч нар зүү төөнүүр, бариа засал, хануур, самнуур, монгол эмчилгээ зэрэг сувилгааны тусламж үйлчилгээг үзүүлж байна.

 Баянзүрхийн рашаан амралтын газар

Холбоотой мэдээ