ЗАВХАН: Агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын өвчлөл нэмэгдэхийг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-04-10 15:52:55

Улиастай. 2026 оны дөрөвдүгээр сарын 10. /МОНЦАМЭ/. Улиастай сумын агаарын чанарын хяналтын станцаас хүйтний улирлын агаарын бохирдлын талаарх судалгааны дүнг танилцууллаа.


Тус станц нь хүхэрлэг хий, азотын давхар исэл, PM2.5 тоосонцрын агууламжийг 24 цагийн турш тасралтгүй хэмждэг бөгөөд агаар, ус, хөрсний чанарын мэдээг www.agaar.mn, http://weather.gov.mn болон цахим хуудсаар дамжуулан иргэдэд өдөр бүр хүргэдэг байна.


Станцын мэдээлснээр, өнгөрсөн оны аравдугаар сараас энэ оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд хүхэрлэг хийн сарын дундаж агууламж 13–28 мкг/м³, азотын давхар ислийнх 10–24 мкг/м³, PM2.5 тоосонцрынх 10–21 мкг/м³ байжээ.


Эдгээрийг агаарын чанарын MNS 4585:2025 стандарттай харьцуулахад, PM2.5 тоосонцор нэгдүгээр сард хоёр удаа 1.0-1.2 дахин, хоёрдугаар сард таван удаа 1.0-1.1 дахин тус тус давсан бол бусад үзүүлэлт хүлцэх хэмжээнээс даваагүй байна.


Харин Улиастай сумын Богдын гол, Жаргалант, Чигэстэй, Жинст багийн орчимд гэр хорооллын нөлөөллөөс шалтгаалсан агаарын бохирдол харьцангуй их байгаа тул хүйтний улиралд явуул судалгааг хийжээ.


Сүүлийн зургаан сарын судалгаагаар азотын давхар ислийн дундаж агууламж Жинст багт 11 дүгээр сард стандартаас 1.4 дахин, PM10 тоосонцрын дундаж агууламж Богдын гол орчимд 1.6 дахин, Жаргалант орчимд 4.1 дахин, Чигэстэй баг орчимд 2.5 дахин тус тус стандарт хэмжээнээс давжээ.


РМ10 тоосонцрын дундаж агууламж 12 дугаар сард Богдын гол орчимд 1.2 дахин, нэгдүгээр сард Жаргалант баг орчимд 2.2 дахин, Чигэстэй баг орчимд 1.1 дахин тус тус давсан үзүүлэлт бүртгэгдсэн байна. PM2.5, PM10 тоосонцрын агууламж өндөр байгаа учир хүйтний улиралд амьсгалын замын халдварт өвчин ихсэх төлөвтэй байна.


Азотын давхар исэл нь авто машинаас ялгарч байгаа шаталтын эх үүсвэртэй холбоотой. Хүхэрлэг хий нь түлш/нүүрс/-ний дутуу шаталтаас үүсдэг. Хүйтний улиралд түлш, тэр дундаа нүүрсний хэрэглээ нэмэгдэхтэй шууд холбоотой болохыг Завхан аймгийн Ус цаг уур орчин шинжилгээний төвийн Байгаль орчны шинжилгээний лабораторийн технологич инженер З.Балжинням ярилаа.


Холбоотой мэдээ