ЗАВХАН: Хүүхдүүдэд сонирхолтой аргаар эрүүл байхыг таниулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-04-09 14:19:00

Улиастай, 2026 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Завханы Эрүүл мэндийн газраас 700 орчим хүүхдэд эрүүл хооллолт, гарын ариун цэврийн талаар танин мэдүүлэх сургалт хийжээ.


Давсны хэрэглээг бууруулъя аяны хүрээнд Улиастай сумын 9 цэцэрлэгийн 700 орчим хүүхдэд давсны зөв зохистой хэрэглээ хүний эрүүл мэндэд яагаад чухал болох. Томуугаар өвдөхгүйн тулд гарын ариун цэврээ хэрхэн сахих, Эрүүл хүнс гэж юуг хэлэх, эрүүл мэндэд муу хүнсний бүтээгдэхүүний талаар хүүхдүүдэд танин мэдүүллээ.


Хүүхэд бол гэр бүлдээ хамгийн сайн нөлөөлөгч байдаг. Тэдэнд аливаа зөв дадлыг багаас нь танин мэдүүлэх хамгийн үр дүнтэй.  Энэ удаагийн сургалтын онцлог нь хүүхдийн дотоод сэдлийг хөгжүүлж, тоглоом болон зугаатай аргаар дамжуулан мэдээлэл өгсөн явдал юм.


Хүүхдүүдийн анхаарлыг татахын тулд үзүүлэн, бодит жишээ, үлгэрийг ашиглан тоглоомын аргаар гараа зөв угаах, эрүүл хоол хүнсийг таних, эрүүл мэндэд муу хүнсийг ялгах, давсны хэрэглээг зөв зохистой болгох дадлыг сонирхолтой байдлаар хэвшүүлжээ. Сургалтад зураг, видео, ном, бодит үзүүлэн ашиглаж, асуулт хариулт, дүрд хувирах аргаар хүүхдүүдийг идэвхтэй оролцуулан өөрөө сурах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлсэн байна.


Завхан аймагт давсны хэрэглээ их байгаа нь цусны даралт ихсэх, зүрх судасны өвчлөл нэмэгдэх гол эрсдэлт хүчин зүйл болж байна. Хүн амын дунд давсны хэрэглээг бууруулах, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр энэ мэтчлэн хүүхдүүдэд таниуллаа хэмээн Завханы Эрүүл мэндийн газраас мэдээлэв.


Хамгийн чухал нь бүх насныхан давсны хэрэглээг багасгахын тулд хоол хүнсэндээ давс нэмэхгүй байх, нөөшилсөн бүтээгдэхүүнээс татгалзахыг зөвлөжээ.  Завхан аймгийн хэмжээнд зүрх судасны тогтолцооны өвчин нь нас баралтын болон өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байна.


2025 оны байдлаар эрт илрүүлэгт хамрагдагсдын 78 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчтэй байна. Хүн амын дунд зонхилон тохиолдох халдварт бус өвчний тэргүүлэх шалтгаан болсон цусны даралт ихсэх, зүрхний ишеми өвчин, тархины цус харвалт нь буруу хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхи, давсны өндөр хэрэглээ зэрэг эрсдэлт хүчин зүйлстэй холбоотой юм.




Холбоотой мэдээ