ЗАВХАН: Улаан хаалгын рашаан сувилал сувилуулагчдаа бүртгэж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-04-08 16:34:51

Улиастай, 2026 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Завханы Улаан хаалгын рашаан сувилал амрагч, үйлчлүүлэгчдээ бүртгэж эхэлсэн байна.


Энэ жил ахмад настнуудын хөнгөлөлттэй амарч, сувилуулах иргэдийн бүртгэлийг хийж эхэлсэн байна. Рашаан сувиллын газар одоогоор зөвхөн амрагчдыг хүлээн авч байгаа бөгөөд, тавдугаар сараас эхлэн сувиллын үйл ажиллагааг эхлүүлнэ.


Рашааны чанар нь зургаадугаар сараас эхлэн 9 дүгээр сарын 15 хүртэл сайн бөгөөд найрлага нь эмчилгээний түвшинд хүрдэг онцлогтой. Манайх рашааны эмчилгээг хануур эмчилгээтэй хослуулж хийдэг. Ардын эмнэлэг, зүү төөнүүрийн чиглэлээр мэргэшсэн их эмч, сувилагч, мэргэжлийн тогооч, туршлагатай ажилтнуудаар бүрэн хангагдсан. Рашаанаар эмчлүүлэгчдийг тав тухтай нөхцөлд амарч сувилуулах нөхцөлийг бүрдүүлсэн сувилал юм.


Мөн физик эмчилгээ, биеийн тамир эмчилгээ, зүү төөнүүр, бариа засал, иллэг, хануур, самнуур, монгол эмэн эмчилгээ зэрэг уламжлалт эмчилгээгээр үйлчилдэг хэмээн Улаан хаалгын рашаан сувиллаас мэдээлэв.


Ташрамд дуулгахад, "Хаалгын эм" хэмээх ой мод, булаг шанд бүхий байгалийн үзэсгэлэнт газарт далайн түвшнээс дээш 2280 метрт оршдог. Халуун, хүйтэн чанартай рашаан юм.


Энд кальци, магни, кали, натри, хүхэрт устөрөгч, гидрокарбонат, сульфат агуулсан, целсийн +10+41 хэмийн халуун, хүйтэн хосолсон нийт 61 төрлийн ундарга нээгдсэн байдаг. Үүнээс 21 ундаргыг шинжлүүлж эмчилгээ, сувилгаанд ашиглаж байна.


Рашаан нь таван цул, хий шар бадган хийгээд халуун шар, бөөр, зүрх, ходоод, элэг цөс, мэдрэл, үе мөч, ядаргаа, хоолой болон эмэгтэйчүүдийн өвчинд тустай.



Холбоотой мэдээ