ЗАВХАН: Цэнгэг усны нөөцөөр баялаг бүс нутаг хэвээр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Завхан аймаг нь байгалийн цэнгэг усны арвин нөөцтэй, нуур, гол, горхи олонтойгоороо онцлог бүс нутаг юм. Тус аймагт Баяннуур, Улаагчны Хар нуур зэрэг олон цэнгэг устай нуур оршдог бөгөөд байгалийн цэвэр усны эх үүсвэрээр баялагт тооцогддог.
Эдгээрээс хамгийн алдартай нь Эрдэнэхайрхан сумын нутагт оршдог Улаагчны Хар нуур юм. Элсэн манхан болон Товхошын сүрлэг уулсаар хүрээлэгдсэн тус нуур нь 48 метрийн гүн, 30 км урттай үзэсгэлэнт тогтоцтой.
Жил бүр 15 мянга орчим дотоод, гадаадын жуулчид зорин
ирдэг бөгөөд аялагчдын тав тухыг хангах, тусгай хамгаалалттай бүсийн дэглэмийг
мөрдүүлэх зорилгоор байнгын байгаль хамгаалагч ажилладаг. Энэ онд дотоод нөөц
бололцоонд тулгуурлан ариун цэврийн байгууламж, хог хаягдлын цэгийг
нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Мөн цэнгэг усны нөөц ихтэй
дараагийн томоохон бүс нь хойд бүс юм. Тухайлбал, Сантмаргаз, Тэлмэн сумын
нутагт Баян нуур, Бүст нуур оршиж байна. Түүнчлэн Завхан, Мухарт, Хүнгүй,
Тэсийн голууд нь цэнгэг устай, байгалийн үзэсгэлэнт тогтоц, загасны нөөц, аялал
жуулчлалын чухал бүсийг бүрдүүлдэг.
Сантмаргаз сумын төвөөс 25 км зайд орших Баян нуур нь цэнгэг устай, Бор хярын элсэн манхантай ойрхон байрладаг үзэсгэлэнт нуур юм. Эргийн нийт урт нь 59 км бөгөөд өмнөд эрэг нь элсэрхэг тул илүүдэл ус байгалийн шүүлтээр дамжин цэнгэгждэг онцлогтой. Хэдийгээр талбай харьцангуй бага боловч Баян нуур нь Монгол орны цэнгэг уст нууруудаас эзлэхүүнээрээ зургаад эрэмбэлэгддэг.
Нуурын тал орчим нь 20 метр, гуравны нэг нь 30 метр, найман хувь нь 40 метрийн гүнтэй. Зуны улиралд нуурын гадаргын температур 17-25 хэм, 20-25 метрийн гүнд 8 хэм орчим байдаг байна.
Баян нуур нь загас агнуурын нөөцтэйгээс гадна дотоод, гадаадын жуулчдын сонирхлыг татдаг байгалийн өвөрмөц тогтоц бүхий нуур бөгөөд ойр орчимд нь аялал жуулчлалын тэмдэг, тэмдэглэгээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг Завхан аймгийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Тэсийн гол