ЗАВХАН: Иргэд эрүүл мэнддээ илүү анхааран орон нутгийн тусламж үйлчилгээг авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-03-25 11:01:46

Улиастай, 2026 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Завхан аймагт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдсан иргэдийн 48 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.


2024 онд эрэгтэйчүүдийн 30 хүрэхгүй хувь нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тогтмол авч байсан бол 2025 онд энэ үзүүлэлт 41 хувь болж өсжээ.


Судалгаагаар өмнө нь эрэгтэйчүүдийн 20 гаруй хувь нь бие өвдөөгүй тохиолдолд эмнэлэгт хандаж, үзлэг оношилгоонд хамрагддаггүй байсан бол сүүлийн хоёр жилд эрүүл мэнддээ анхаарах хандлага мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Тус аймаг “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг дэмжин, эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд ийнхүү ахиц гарчээ.


Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрэгтэйчүүдийн кабинетаар үйлчлүүлэх иргэдийн тоо нэмэгдэж, өдөрт дунджаар 20-30 хүн зөвлөгөө, тусламж үйлчилгээ авч байна. Кабинет байгуулснаас хойш давсагны уян дурангийн оношилгоог 270 гаруй хүнд хийж, түрүү булчирхайн дурангийн 50 гаруй мэс засал, давсагт стент гуурс тавих 40 гаруй ажилбар гүйцэтгэсэн байна.

Ингэснээр орон нутгийн иргэд Улаанбаатар хотыг зорих шаардлагагүйгээр мэргэжлийн эмчийн зөвлөгөө, цогц үйлчилгээг нутагтаа авч, цаг хугацаа болон зардлаа хэмнэх боломжтой болжээ.


Сүүлийн таван жилийн байдлаар хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан нь хоол боловсруулах тогтолцооны өвчин хэвээр байна.


Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг оношилгоо, шинжилгээнд нийт 40.6 мянган иргэнийг хамруулжээ. Үүнээс 17 хүртэлх насны хүүхдийн хамралт 75.9 хувь, 18-аас дээш насны иргэдийн хамралт 34.3 хувь байна.


Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн нийт хамралт 7.9 хувиар өссөн байна. Үүнээс 17 хүртэлх насны хүүхдийн хамралт 10 хувь, насанд хүрэгсдийн хамралт 6.8 хувиар тус тус нэмэгдсэн талаар Завхан аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ