Өмнөд Солонгосын эрх баригч намын нэр хүнд унасаар байна

Дэлхийд
dorjkhand@montsame.mn
2016-11-28 15:43:14

СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ болон түүний дотны найз Чой Сүн Силийг тойрсон дуулиан шуугианы улмаас тус улсын эрх баригч нам болох "Сэнүри" намын нэр хүнд найман долоо хоногийн турш унасаар байна.

“Real Meter” компаниас явуулсан судалгаанаас үзвэл, тус намыг дэмжигчдийн эзлэх хувь өнгөрсөн долоо хоногт 2.8 хувиар буурснаар 16.2 хувь болжээ. Өөрөөр хэлбэл, эрх баригч намыг дэмжигчдийн тоо тус улсын хамгийн жижиг нам болох Ардын намыг дэмжигчдийн тооноос /17.2 хувь/ ч цөөн болсон байна. Өнгөрсөн долоо хоногт явуулсан судалгаанд 2532 хүн оролцжээ.

Харин тус улсын хамгийн том сөрөг хүчин болох Ардчилсан намыг дэмжигчдийн эзлэх хувь хамгийн өндөр буюу 33 хувьтай байгаа нь нэг долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад 2.5 хувиар өссөн үзүүлэлт аж.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ