“Lufthansa"-гийн нисгэгчид дахин ажил хаяна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2016-11-28 15:19:05

БЕРЛИН. /PrensaLatina/. Цалин хөлстэй холбоотой асуудлаар өнгөрсөн амралтын өдрүүдэд хэлэлцээ хийсэн боловч тохиролцоонд хүрч чадаагүй тул маргааш болон нөгөөдөр дахин ажил хаялт зарлана гэж Германы иргэний агаарын тээврийн “Lufthansa” компанийн нисгэгчид анхаарууллаа.

Нисгэгчдийн холбоо болох “Vereinigung Cockpit”-ын мэдэгдсэнээр, мягмар гарагийн ажил хаялт нь ойрын зайн нислэгүүдэд нөлөөлөх бол лхагва гарагийн ажил хаялт нь ойрын болон алсын зайн нислэгүүдийн аль алинд нь нөлөөлөх ажээ.

Тус компанийн нисгэгчид энэ оны дөрөвдүгээр сараас хойш 15 дахь удаагаа ажилт хаялт зарлах гэж байна.

“Lufthansa”-гийн нисгэгчид дөрөв хоногийн ажил хаялт зарласны улмаас өнгөрсөн долоо хоногт бараг 2800 гаруй нислэг цуцлагджээ.

“Vereinigung Cockpit” нисгэгчдийн холбоо Герман дахь 5400 гишүүнийхээ жилийн дундаж цалинг 3.7 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа аж.

Хариуд нь, өнгөрсөн баасан гарагт “Lufthansa” компанийн удирдлага 2016 онд цалинг 2.6 хувиар,  2017 онд 2 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж мэдэгджээ. Харин нисгэгчдийн холбоо энэ саналыг хүлээж авахаас татгалзсан байна.

Өнгөрсөн долоо хоногт болсон ажилт хаялт нь 350 мянга гаруй зорчигчид нөлөөлжээ. “Lufthansa”-гийн мэдэгдсэнээр, нэг өдрийн ажил хаялт нь тус компанид 10 сая еврогийн алдагдал учруулж байна.

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ