БАЯНХОНГОР: “Утаа, агаарын бохирдол”-ын сонсгол зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-02-05 16:34:26

Баянхонгор, 2026 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын тогтоолоор батлагдсан ажлын баг энэ сарын 4-ний өдөр хуралдаж, сонсголын тов тогтоох саналын тухай, зохион байгуулах төлөвлөгөө, хөтөлбөрийн төслийн талаарх асуудлыг авч хэлэлцжээ.


“Утаа, агаарын бохирдол” сэдвээр ерөнхий хяналтын сонсголыг гуравдугаар сарын 11-ний өдөр Нутгийн удирдлагын ордонд хийхээр аймгийн ИТХ-ын даргын захирамжаар товлон зарласан байна.

"Иргэн та хүч залуусын нэгдэл” ТББ болон 700 гаруй иргэний гаргасан ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хүсэлтийг хүлээн авч, сонсголын бэлтгэл хангах, цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын баг байгуулжээ. Нийтийн сонсгол нь иргэдийн мэдэх эрхийг хангаж, төрийг удирдах үйл хэрэгт иргэдийн шууд оролцоог хангах зорилготой юм.

Иргэдэд тулгамдаж буй асуудлын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох, шийдвэрлэхэд иргэдийн оролцоог хангах, иргэдийн санал тулгуурлан УИХ, Засгийн газрын бодлого шийдвэрт тусгуулахаар санал уламжлах, аймгийн ИТХ-аас батлан гаргах бодлого шийдвэр, аймгийн хэмжээнд хэрэгжүүлж буй хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгуулах, иргэд олон нийтийн оролцоог жигд хангах, талуудыг байр суурийг хүндэтгэн тэгш оролцуулахыг чухалчилж байна.


Баянхонгор аймгийн төвийн агаарын бохирдлын 60 гаруй хувийг гэр хороолол, 30 орчим хувийг уурын зуух, үлдсэн хувь нь авто машинаас гарч буйг агаарын бохирдлын судалгаагаар тогтоожээ.

Холбоотой мэдээ