ЗАВХАН: Байнгын ус ундарч, түвшнээ хадгалдаг нуур

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-01-23 13:08:41

Улиастай, 2026 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Завхан аймагт орших Ногоон нуураас аялагчид байгалийн нам гүмийг мэдэрч, олон төрлийн загас харж болно.


Ногоон нуур нь Идэр голын зүүн талд байрлах, далайн түвшнээс дээш 2200 гаруй м-ийн өндөрт байрлалтай.


Хангайн голуудын тархи хэмээн нэрлэдэг үзэсгэлэнт нуур юм. Ногоон нуур нь Завхан аймгийн Идэр сумын Дархан уул багийн нутагт оршдог. Сумын төвөөс 20 км-ийн зайтай. Нуурын ус эргэн тойрныхоо эргээс дотогш 5-8 м орчмын зайд тунгалаг, үүнээс цааш гүн ногоон өнгөөр тунарах бөгөөд олон ховор загас элбэг. 

Тухайлбал, эргээ даган сэлэх хайрус, линок, тул зэрэг загасыг өндөр эрэг дээрээс нь харах боломжтой.

Овоот хэмээх эрдэнэстэй уулын туяа нартай цэлмэг өдөр энэхүү нууранд тусаж, эрдэнийн өнгөөр солонгордог болсон гэх домог нутгийнхан одоо ч ярилцдаг.

Нуурын эргээс байнгын ус ундарч, усны түвшнээ хадгалдаг, нуураас жижиг цутгал урсан гарч Идэр голд нийлдэг байна. Ногоон нуурыг шинэсэн ой, хар мод, бургасан ой хүрээлнэ. Зэгс, дэгд, хонхон цэцэг, цагаан уул зэрэг 20 гаруй төрлийн цэцэг, эмийн ургамал ургаж, хун, нугас, галуу зэрэг 10-аад төрлийн шувууд нүүдэллэн ирдэг.

Буга согоо, чоно, туулай зэрэг хангайн амьтад нутаглаж, хаа нэг зэрлэг гахай тааралдах нь бий. Өвлийн улиралд Ногоон нуурын ойр орчим үлгэрийн ертөнц шиг үзэсгэлэнтэй харагддаг. Нуурыг үзэнгээ, Тахилтын хүрхрээний өвлийн үзэмжийг мөн аялагчид үзэж болно.


Ногоон нуурын намар

Холбоотой мэдээ