ЗАВХАН: Хур борооны усаар тэжээгддэг хөв цөөрөм хамгийн тохиромжтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Завхан
аймагт улсын төсвийн 1 тэрбум орчим төгрөгөөр 7 суманд хөв цөөрөм байгуулна
хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Өнгөрсөн онд гэхэд, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гадаргын усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Адапт төслийн санхүүжилтээр Цагаанчулуут, Отгон, Цагаанхайрхан, Сонгино, Шилүүстэй сумуудад хөв цөөрөм байгуулсан.
Энэ онд Цагаанчулуут, Сантмаргаз, Завханмандал, Дөрвөлжин,
Ургамал сумдад хөв цөөрөм шинээр барихаар төлөвлөсөн байна. Ирээдүй хойч үедээ усны нөөцөө үлдээхийн төлөө
усаа хамгаалах, хуримтлуулах
нь бидний үүрэг юм. Аймаг сумын шийдвэр гаргах түвшнийхэн, мэргэжлийн
байгууллагууд, төсөл хөтөлбөрүүдийн дэмжлэг хамтын ажиллагааны дүнд уур
амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох олон талын ажлын нэг хэсэг нь энэ юм гэлээ.
Сонирхуулахад, хөдөө аж ахуйн зориулалттай дөрвөн төрлийн цөөрөм байдаг. Нэгдүгээрт хур борооны усаар тэжээгддэг хөв цөөрөм. Хоёрдугаарт газрын доорх усаар тэжээгддэг цөөрөм. Гуравдугаарт урсгал ус буюу булаг шандны усаар тэжээгддэг цөөрөм. Дөрөвдүгээрт үндсэн голдирлоос салаалан, дөхүүлэх сувгаар усаа татаж авдаг цөөрөм гэж бий.
Завхан аймгийн хувьд хоёрдугаар зориулалтын буюу газрын доорх усаар тэжээгддэг цөөрөм төдийлөн тохиромжтой бус. Харин бусад гурван төрлийн цөөрмийг бий болгож хөдөө аж ахуйн салбарт хэрэглэх бүрэн боломжтой.
Хөв цөөрмийн тохиромжтой байдлын үнэлгээний арга зүйгээр Завхан аймгийн нутаг дэвсгэрт бороо цасны усаар тэжээгддэг хөв цөөрөм барихад тохиромжтой газрыг тооцоолоход 12 мянган га талбай гарч байгаа бөгөөд үүнээс 5.7 мянган талбай нэн тохиромжтой гарч байна.
Хөв цөөрмүүдийг байгуулснаар мал аж ахуйн салбарын болон байгалийн зэрлэг ан амьтадын амьдрах нөхцөлд ч үлэмж тустай төдийгүй ирээдүйн усны бодит хомсдолоос урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой талаар Завхан аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тайланд дурджээ.

Цагаанчулуут сумын Гүүтийн булгийг түшиглэн бороо, цасны ус хуримтлуулах хөвийг байгуулсан байна.
Улаанбаатар