Сэлэнгэ аймгийн хоёр сурагч ОХУ-д тэтгэлгээр суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-14 22:44:49

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд Монгол, Орос хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 95 жилийн ойн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд орос дуу, шүлгийн уралдаан, багш сурагчдын дунд орос хэлний олимпиад, ОХУ /ЗХУ/-д сургууль төгсөгчдийн уулзалт зэрэг арга хэмжээ зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэ удаагийн орос хэлний олимпиадад Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгийн багш, сурагчид оролцлоо. Энэхүү олимпиадын үр дүнд 2017-2018 оны хичээлийн жилд ОХУ-ын аль нэг их дээд сургуулийн орос хэлний зуны сургалтанд суралцах эрхийн бичгээр 5 багш шагнуулсан байна. Тухайлбал Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Билэг ДБ” сургуулийн орос хэлний багш И.Ганбилэг, Сүхбаатар сумын Улсын тэргүүний 4-р сургуулийн орос хэлний багш Д.Мөнх-Учрал нар эрхийн бичгийн эзэд болжээ.

Мөн 2017-2018 оны хичээлийн жилд ОХУ-ын аль нэг их дээд сургуульд тэтгэлгээр суралцах эрхээр 9 хүүхэд шагнууллаа. Эдгээрийн 2 нь Сэлэнгэ аймгийн харъяат, 7 нь Дархан-Уул аймгийн хүүхдүүд юм. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЕББД сургуулийн 12-р ангийн сурагч А.Баасансүрэн, Алтанбулаг сумын ЕББД сургуулийн 12-р ангийн сурагч Б.Балжмаа нар тэтгэлгээр суралцах эрхийн эзэд болжээ. Энэхүү аога хэмжээний орос шүлгийг хэн сайн унших вэ уралдаанд Сүхбаатар сумын 1-р сургуулийн сурагч н.Саранцэцэг түрүүлж, Сүхбаатар сумын 6-р сургуулийн сурагч Баасансүрэн, Сүхбаатар сумын 5-р сургуулийн сурагч Машка нар удааллаа. Орос дууны уралдаанд Сүхбаатар сумын 1-р сургуулийн сурагч Тайванжаргал түрүүлж, Мандал сумын 1-р сургуулийн сурагч Пүрэв, Мандал сумын 1-р сургуулийн сурагч Одончимэг, Сүхбаатар сумын 6-р сургуулийн сурагч Золзаяа, Сүхбаатар сумын 2-р сургуулийн 3а ангийн сурагч Ц.Болор-Үжин, мөн Сүхбаатар сумын 3-р сургуулийн хамтлагууд удаалжээ.

Энэ удаагийн орос хэл, соёлын арга хэмжээг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Улаанбаатар хот дахь ОХУ-ын элчин сайдын яам, Оросын шинжлэх ухаан соёлын төв, Дархан-Уул аймаг дахь ОХУ-ын Ерөнхий консулын газар, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлтэй хамтран зохион байгууллаа. Орос хэл, соёлын арга хэмжээний хаалтын ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Оросын Шинжэх ухаан, соёлын төвийн захирал Е.Г.Михайлов, Дархан-Уул аймаг дахь ОХУ-ын Ерөнхий консулын газрын дэд консул С.Н.Чужаев, Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн референт В.С.Зимирёв, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн дэд тэргүүн, Монгол Улсын Гавъяат багш Д.Цогзолмаа нар оролцож, шилдэг сурагч, багш нарт шагналыг нь гардуулан өглөө.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ