“Sewol”-ыг татаж гаргах ажлыг дахин хойшлууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-11-01 13:06:00

СӨҮЛ. /Yonhap/. Хоёр жил гаруйн өмнө живсэн “Sewol” гатлага онгоцыг татаж гаргах ажиллагааг Өмнөд Солонгосын Засгийн газар дахин хоёр сараар хойшлуулжээ. Гатлага онгоц живсэн газарт хүчтэй давалгаа үүссэн нь уг онгоцыг татаж гаргахад саад болж байна.

“Sewol” гатлага онгоц 2014 оны дөрөвдүгээр сард тус улсын өмнөд эрэгт живсний улмаас 295 хүн амиа алдсан юм. Тэдний ихэнх нь аяллаар явж байсан ахлах сургуулийн сурагчид байжээ. Мөн энэ ослын улмаас есөн хүн сураггүй болсон байна.

Онгоцыг татаж гаргах ажлыг дөрөв дэх удаагаа хойшлуулж байгаа нь энэ юм.

Өмнөд Солонгосын Далай, загас агнуурын яамны албаны хүмүүс даваа гарагт мэдэгдэл хийхдээ “бид энэ онгоцыг 10 дугаар сарын эцэс гэхэд татаж гаргахаар төлөвлөсөн боловч чадсангүй. Одоо бид 12 дугаар сарын эцэс гэхэд татаж гаргахаар төлөвлөж байна” гэв. Онгоцыг анх энэ оны зургадугаар сард татаж гаргахаар төлөвлөж байсан юм.

Онгоцыг татаж гаргах ажлыг удаа дараа хойшлуулж байгаа нь амиа алдсан болон сураггүй болсон хүмүүсийн ар гэрийнхний уур бухимдлыг хүргэж байна.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ