БАЯН-ӨЛГИЙ: Лазер гүйлтийн УАШТ-ээс П.Еламан алтан медаль хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод энэ сарын 18-нд Монголын орчин үеийн таван төрөлтийн холбооноос зохион байгуулсан лазер гүйлтийн УАШТ-ээс П.Еламан алтан медаль хүртлээ
Тэмцээнд 5 төрлөөр 75 тамирчин өрсөлдсөн бөгөөд эрэгтэй сонирхогчдын
ангилалд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат,
Хилийн
цэргийн 0303-р анги, "Алтан шонхор" клубийн тамирчин Партиягийн Еламан
2:37.57 минутын амжилттайгаар түрүүлж алтан медаль хүртлээ.
П.Еламаны хувьд спортын таеквондо, кикбокс, мутай бокс зэрэг олон төрлөөр хичээллэдэг, Монгол Улсын спортын мастер цолтой тамирчин бөгөөд лазер гүйлтийн УАШТ-д анх удаагаа оролцож, ийнхүү өндөр амжилт үзүүлж улсын аваргаар шалгарчээ.
Лазер гүйлтийн спорт нь тамирчид гүйх явцдаа лазер гар буугаар өгөгдсөн зайнаас буудлага гүйцэтгэдэг бөгөөд энэ удаагийн тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй сонирхогч, эрэгтэй эмэгтэй насанд хүрэгч, эрэгтэй элит гэсэн 5 ангиллаар зохион байгууллаа.