Нэг тоглоомын үнээр гурван тоглоом хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн төвийн 9 дүгээр цэцэрлэгийн хамт олон 21.000 төгрөгөөр гурван өөр насны буюу бага, дунд, бэлтгэл ангийн хүүхдүүдэд зориулсан сандал хийжээ.
Яамнаас нийлүүлсэн нэг стандарттай сандлын нэгжийн үнэ 41,000 төгрөг байдаг аж. Мөн хүүхэд эвлүүлж, өрж тоглох хөөсөн тоглоом 200 гаруй мянган төгрөгөөр иржээ. Харин эдний хамт олон нэг тоглоомын үнээр ийм гурван тоглоом хийгээд амжсан байна.
9 дүгээр цэцэрлэг анх 80 хүүхдийн багтаамжтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан тус цэцэрлэг ачааллаасаа бараг 2 дахин хэтэрчээ. Өнөөдөр тус цэцэрлэгт гурван бүлгийн 123 хүүхэд хичээллэж байгаа бөгөөд гуравдугаар сарын 1-ээс зургадугаар сарын 1 хүртэл 35 хүүхэдтэй ээлжийн бүлгийг мөн ажиллуулдаг байна. Цэцэрлэгийн эрхлэгч Ц.Оюунчимэг өргөтгөл хийх шаардлага байгааг хэлээд, ингэхдээ өргөтгөлийг гэр болон торхоор шийдэж, багтаамж, хүчин чадлаа нэмэгдүүлэх боломжтой тухай ярьж байсан.
Аймгийн төвийн хэмжээнд СӨБ-д хамрагдаж чадаагүй 800 гаруй хүүхэд бий гэсэн тоо байдаг байна.
Б.Мөнхзул