Хүмүүс согтууруулах ундаанаас илүү их калори авдаг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2016-10-17 14:42:43

ЛОНДОН. /Theguardian/. Их Британи болон бусад олон орны ард иргэд хоол хүнсний илчлэгээ кока кола, нимбэгний шүүс зэрэг чихэрлэг ундаанаас илүүтэйгээр согтууруулах ундаанаас авдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Энэхүү судалгаа нь Их Британид архидалтыг зохицуулах асуудал сахарын хэрэглээтэй тэмцэхээс илүү хурцаар тавигдах болсныг харуулж байна.

“Euromonitor International” байгууллагын явуулсан уг судалгаанд 24 орныг хамруулжээ. Судалгааны дүнг харвал, зөвхөн нэг л улсын иргэд өдөр тутам авах ёстой илчлэгээ  согтууруулах ундаанаас илүүтэйгээр чихэрлэг ундаанаас авдаг байжээ. Их Британийн насанд хүрэгчид өдөрт согтууруулах ундаанаас 106 калори илчлэг авдаг бол чихэрлэг ундаанаас 98 калори илчлэг авдаг аж.

Харин Өмнөд Солонгосын иргэд өдөрт хамгийн өндөр калори буюу 168 калорийг согтууруулах ундаанаас авч, 44 калорийг чихэрлэг ундаанаас авдаг байна. Польш, Чех, Финлянд, Герман зэрэг орнуудын иргэд мөн адил согтууруулах ундаанаас илүү их калорийг авдаг бол судалгаанд хамрагдсан орнуудаас зөвхөн Тайванийн иргэд л өдөр тутмын калориа согтууруулах ундаанаас илүүтэйгээр чихэрлэг ундаанаас авдаг ажээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ