Монголын түүхийн үзэсгэлэнг 2025 онд Цюрих хотын “Рийтберг” музейд дэлгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2024-08-02 16:18:39

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Швейцарын Холбооны улсын Ерөнхийлөгч Виола Амхерд нар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.


Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Эрхэм хүндэт ерөнхийлөгч. Энд цугласан хэвлэлийн төлөөлөгч нарт энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улс, Швейцарын Холбооны Улс дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Швейцарын Холбооны улсын Ерөнхийлөгч Виола Амхерд төрийн айлчлал хийж байгаад чин сэтгэлээсээ баяртай байна. Эрхэм ерөнхийлөгч таны энэхүү айлчлал Швейцарын Холбооны улсын төрийн тэргүүн манай улсад айлчилж буй анхны түүхэн айлчлал болж байна. Швейцар, Монголын ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхийн нэгэн шинэ хуудсыг бид хамтдаа нээж байна. Газар зүйн байршлын хувьд алс хол Швейцарын Холбооны улсыг бид манай гурав дахь хөрш, Европ дахь итгэлт түншээ хэмээн үздэг.


Энэхүү төрийн айлчлалын үеэр бид Монгол, Швейцарын хамтын ажиллагааны өнгөрсөн 60 жилийн ололт амжилтыг бататгах цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан ашигтай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцлоо.

Бидний яриа, хэлэлцээрийн дүнд Монгол, Швейцарын хамтарсан тунхаглал, ардчилсан засаглалын асуудлаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Эдгээр баримт бичиг нь манай хоёр улсын хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлж, ардчилсан засаглалыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Ардчилал, хууль дээдлэх зарчим, сайн засаглалын үнэ цэнийг бататгаж, хууль тогтоох болон иргэний нийгмийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжин шүүх, эрх зүйн чиглэлээр эрчимжүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлнэ.


Швейцар нь манай улсын гадаад худалдааны томоохон түнш бөгөөд хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц харилцан ашигтай хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг судалж хэрэгжүүлэхээр ярилцлаа. Мөн хоёр улсын тогтвортой хөгжлийн бодлогод тусгасан нийтлэг зорилтуудаа уялдуулж, нийгэм, эдийн засгийн хөгжлийг бататгах, аялал жуулчлал, боловсрол, соёл, хөдөө ахуй, эрүүл мэндийн салбарт үр дүнтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхээр тохирлоо.


“Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд тогтвортой фермийн аж ахуй, мал аж ахуйн менежментийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, био-органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зэрэгт чиглэсэн хамтарсан төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцсон. Швейцарын стандарт, технологийг нутагшуулах, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан залуусыг сургаж бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийг танилцуулав.


Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний аюулгүй байдал зэрэг дэлхий нийтэд тулгарч буй сорилтыг даван туулж, шийдвэрлэх нь бидний нийтлэг томоохон зорилт гэдгийг онцолж,  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилт болон Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллахаар болсныг дуулгая” хэмээв.


Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд зориулан Швейцарын Засгийн газраас өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд манай улсад 460 гаруй тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлж, үр дүнтэй олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэн.

Үүнээс гадна цар тахал, байгалийн гамшиг, үер, зудын бэрхшээлтэй тулгарсан цагт хүмүүнлэгийн болон хүний эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцолсон бөгөөд үүний тод жишээ нь “Зүрх мартахгүй” төсөл юм. Үндэсний соёлоо сурталчилж, спортыг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Монголын түүхийн үзэсгэлэнг Швейцарын Цюрих хотын “Рийтберг” музейд 2025 онд олны хүртээл болгохоор болжээ.  

Холбоотой мэдээ