Хогны асуудлаа шийдэхэд Ливанд Сири тусалж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-10-07 16:54:13

ДАМАСК. /RIA Novosti/. Ливаны эрх баригчид хог хаягдлаа Сири рүү тээвэрлэж, хог боловсруулах үйлдвэрт нь дахин боловсруулах асуудлаарх хэлэлцээг тус улстай хийж эхэлсэн тухай “Аль-Жумхурия” сонинд мэдээлжээ.

Ливаны хогийн гол цэг болох "Нааме”-г тус улсын эрх баригчид долдугаар сарын 13-нд хаасан байна.  Мөн энэ  өдөр хог хаягдлыг цэвэрлэж, хогийн цэг рүү тээвэрлэдэг “Суклин” компанийн улстай байгуулсан гэрээний хугацаа дуусчээ.  Үүний улмаас нийслэл Бейрут хотын гудамжууд болон бусад томоохон хотууд хэд хоногийн турш хогондоо дарагдсан юм. Их хэмжээний хог хаягдал хуралдсаны улмаас хүн амын томоохон суурингуудад экологийн сүйрэл болох аюул нүүрлэсэн. Ливаны сайд нар Засгийн газрын хуралдааныхаа үеэр асуудлыг шийдэх гарцыг олж чадаагүй байна.

“Аль-Жумхурия” сонинд мэдээлснээр, хэлэлцээг одоогоор хаалттай хийж байгаа боловч 1.5 сая дүрвэгчийг нь хүлээж авсан найрсаг хөршдөө Сирийн эрх баригчид туслахад бэлэн буйгаа илэрхийлжээ.

Бүх хог хаягдлыг Сирид боловсруулах уу эсвэл хог хаягдлынх нь талыг боловсруулахад бэлэн буйгаа мөн мэдэгдсэн Ирак руу талыг нь тээвэрлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Өнөөдрийн байдлаар хэлэлцээнүүд эхний шатандаа явж байгаа аж.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд