БШУЯ: Сургууль, цэцэрлэгүүд хүүхдийн аюулгүй, найдвартай байдлыг байнга хангахыг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-02-16 10:49:26

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн спорт зааланд энэ сарын 15-ны өдрийн 19.00 цаг орчимд гал гарч, барилга бүрэн шатжээ. 


Галын улмаас хүүхэд,багш, ажилтан, албан хаагчдаас гэмтэж бэртээгүйг тус сургуулийн захирал П.Баттуяа албан ёсоор мэдэгдсэн байна. Улаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд 32 бүлэгт 874 сурагч, 106 багш, ажилтан ажилладаг. Дотуур байранд 120-133 хүүхэд амьдарч байна. Тус сургууль нийт 420 хүүхэд хичээллэх, 4 хичээлийн байртай бөгөөд тэдгээр нь 1968, 1983, 2008 онд ашиглалтад оржээ. Спорт заал нь 2003 онд ашиглалтад орсон, төмөр карказан рамтай, модон барилга юм.


Улаан-Уул суманд 320 хүүхдийн хүчин чадалтай, спорт заалтай сургуулийн барилга баригдаж байгаа бөгөөд 2024 оны 4  дүгээр сарын 15-нд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Шинэ сургуулийн болон спорт заалны тоног төхөөрөмж, тавилга эд хогшлыг 2024 оны төсөвт суулгасан юм.


Цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг ойрын өдрүүдэд тогтмол өгч байгаа. Иймд боловсролын сургалтын бүх шатны байгууллагууд дулаан, цахилгааны хэвийн, найдвартай байдлыг хангах, хаалга, цонх, салхивчийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж хэвшихийг БШУЯ зөвлөлөө.



Холбоотой мэдээ