"Алтаргана" наадмаар 34 улсаас 50 мянган буриад ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-02-07 13:43:02

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Буриад түмний соёлын өв уламжлал, зан заншил, урлаг, спортын төрлийг хадгалж, өвлүүлэн уламжлуулах “Алтаргана-2024” наадмыг Булган аймгийн төвд долоодугаар сарын 26-28-нд зохион байгуулна.


Энэ үеэр, дэлхийн 34 улсад тархан суурьшиж байгаа 50 мянга гаруй буриад хүн хүрэлцэн ирэхээр төлөвлөөд байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БШУЯ, Соёлын яам “Алтаргана” наадамд анхаарал хандуулж, дэмждэгийг наадмыг зохион байгуулагчдын нэг С.Билэгсайхан тодотгоод, "Саяхан “Буриад зон” их хурал болж, дэлхийн буриад угсаатны холбоог Улаанбаатарт байгуулахаар болсон. Наадмынхаа бэлтгэлийг Цагаан сарын дараа эрчимтэй эхлүүлнэ” гэсэн юм.


Алтаргана наадмыг анх Хэнтий аймгийн Дадал суманд 1994 онд буриад дууны уралдаан нэртэй эхлүүлснээс хойш өдгөө олон улсыг хамарсан буриад ардын урлаг, уламжлалт зан заншлын баяр болгон 15 дахь удаагаа зохион байгуулна. Эхний жилүүддээ их төлөв Монгол Улсын Хэнтий, Дорнод аймгийн буриад сумдын хэмжээнд уламжлалт дуу хуур, бүжиг наадмаа сурталчилсан шинжтэй наадам болж байсан  ч жилээс жилд өргөжин, ОХУ, БНХАУ дахь буриадаар тогтохгүй дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй буриад зон оролцох болжээ.


Тус наадам нь буриадын уламжлалт урлаг соёл, спорт, гар урлал, зан заншил зэрэг үндсэн төрлөөр зохион байгуулагддаг. Жишээ дурдвал, Дорнод аймгийн Чойбалсан хотод болсон “Алтаргана-2004″ наадмаар буриад сурын харваа, хүчит 96 бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, буриад ардын дуу, зохиолын дуу дуулаачдын тэмцээн 4 насны ангиллаар, язгуур урлагийн наадам, буриад түүх соёл, гар урлалын үзэсгэлэн худалдаа, бөө мөргөлийн зан заншил, хуучны маягийн буриад гэр шалгаруулалт, ганган хос морьтон, хос морин тэрэгтэн шалгаруулах зэрэг олон тэмцээн уралдаан зохион байгуулагджээ. Түүнчлэн, угсаатны зүйн сэдвээр буриад ардын үлгэр тууль хэлэлцэх тэмцээн, уламжлалт ахуй, соёл, зан заншлыг сурталчлах “Буриад хүний нэг өдөр” театрчилсан тоглолт, загвар зохион бүтээгчдийн дунд буриад хувцасны уламжлалт ба орчин үеийн загварын тэмцээн, шатар, уламжлалт эрийн гурван наадмын төрлүүдээр баяжсан аж. 


ОХУ-ын Улаан-Үд, Эрхүү хотод зохион байгуулж байсан "Алтаргана" наадамд 60 мянгаас 80 мянга гаруй буриад ястан оролцож байжээ. 

Холбоотой мэдээ