Wells Fargo банкны захирал 41 сая долларын хувьцаагаа буцааж өгнө

Дэлхийд | Эдийн Засаг
adiyakhuu@montsame.mn
2016-09-28 16:57:47

НЬЮ-ЙОРК./TASS/. Америкийн томоохон банкуудын нэг болох Wells Fargo -гийн захирал Жон Стампф урамшуулал болгон авсан 41 сая долларын үнэт цаасаа тус банкинд хийж буй шалгалттай холбогдуулан буцааж өгнө гэдгээ мэдэгджээ.

Түүнчлэн тэрбээр мөн шалгалт дуусах хүртэлх хугацаанд цалингүй ажиллахаас гадна  оны эцсээр олгодог урамшууллаас татгалзаж байгаа аж. Тус банкны нэгэн салбарыг удирдаж байсан Кэрри Толстедт мөн адил урамшуулал болгон авсан 19 сая долларын үнэд хүрэх хувьцаагаа буцаан өгч, тэтгэвэр авахгүйгээр шийдсэн байна.

Нью-Йорк болон Калифорни муж улсын прокурорын газраас тус банкинд шалгалт хийж байгаа бөгөөд шалгалтын дүн гарсны дараа эрүүгийн хэрэг үүсгэх эсэх нь тодорхой болох аж.

Шалгалт хийх болсон учир нь, тус банкны ажилтнууд үйлчлүүлэгчидтэй харилцах дүрэм журмыг ноцтойгоор зөрчиж, үйлчлүүлэгчдийнхээ зөвшөөрөлгүйгээр тэдний нэр дээр данс нээж байснаас гадна зарим төрлийн үйлчилгээг авахыг тэдэнд тулгаж байжээ. Тодруулбал, Wells Fargo банкны ажилтнууд сүүлийн хэдэн жилийн хугацаанд үйлчлүүлэгчдийн зөвшөөрөлгүйгээр зээлийн картанд холбогдсон 2 сая гаруй данс нээсэн байна. Тэр ч бүү хэл, үйлчлүүлэгчдийнхээ хуучин данснаас шинэ данс руу нь дур мэдэн мөнгө шилжүүлж байжээ.

Энэ хэрэгт холбогдуулан эрх баригчид тус банкинд 185 сая долларын торгууль ногдуулжээ.

Түүнээс гадна, тус банкныхан цахим шуудангийн хуурамч хаягнуудыг бий болгон шинэ онлайн үйлчилгээтэй холбож байсныг Америкийн Санхүүгийн системийн хамгаалалтын товчоо гэдэг байгууллага илрүүлсэн байна.

Энэ бүхнийг илчилсний дараа Wells Fargo-гийн удирдлага буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, борлуулалтаа өсгөж, шагнал авах зорилгоор дээрх зохисгүй үйлдлүүдийг хийсэн 5300 ажилтнаа халах шийдвэр гаргасан байна.

Гэсэн хэдий ч банкны удирдлагад байгаа хүмүүс ямар нэгэн шийтгэл хариуцлага хүлээхгүй байна гэсэн шүүмжлэл тасрахгүй байсан юм.

Б.Адъяахүү    

Холбоотой мэдээ