ЗАВХАН: “Болор цом” яруу найргийн наадамд оролцох 40 дэх найрагчаар А.Бөхням тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-11-22 15:36:52

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймгийн 100 жилийн ойг угтаж зохион байгуулсан шүлгийн наадамд яруу найрагч А.Бөхням тэргүүлжээ.

Завхан аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг угтаж, соёлын бүтээлч сарын хүрээнд зохион байгуулсан "Бадархундага-2022" яруу найргийн наадам, Завхан аймгийн 24 сум, Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдардаг яруу найрагч, зохиолч, сэтгүүлч, хэл шинжлэлийн эрдэмтэд, орчуулагчдын нэгдсэн чуулган Улаанбаатар хотод болжээ. "Бадархундага-2022" яруу найргийн наадмын тэргүүн байрын шагналт яруу найрагч нь “Болор цом 40” наадамд өрсөлдөх юм. Тус наадамд нийт 92 яруу найрагч эхний даваанд шүлгээ ирүүлсэн бөгөөд үүнээс 30 найрагч хоёрын даваанд шүлгээ дууджээ. Ингээд тус наадмын тэргүүн байрыг хүртсэн Завхан аймгийн Шилүүстэй сумын яруу найрагч А.Бөхням "Болор цом-40" яруу найргийн наадамд оролцох 40 дэх яруу найрагчаар тодорлоо гэж Завхан аймгийн Утга зохиолын нэгдлээс мэдээлэв.


Ташрамд Завхан аймгаас дөрвөн хүн болор цомын эзнээр шалгарч байжээ. Тэгвэл энэ жил, эзэн Чингис хааны 860 жилийн ойд зориулан зохиож буй Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом-40” яруу найргийн наадмын хоёрын даваанд Завхан аймгийн гурван яруу найрагч оролцохоор болжээ.


Авирмэдийн Бөхням найрагч нь аймаг улсын хүрэл тулга наадмаас эхлэн “Орхоны уянга”, Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит “Яруу найраг миний сэтгэлийн жигүүр” “Янжинлхам” оюутны яруу найргийн наадмын тэргүүн, дэд байрын шагналтай. Чимидравданы Мягмарсүрэнгийн нэрэмжит “Яруу эгшиглэн” наадам, “Боржигодой Сэцэн”, “Тусгаар тогтнолын үнэ цэн”, Цагаан Уул”, “Оюуны жимс” зэрэг улс аймгийн чанартай наадмуудад шагналт тусгай байрууд эзэлж, амжилттай оролцож байжээ. Тэрээр 2014 онд “Хэсэг хэсэг үүлс төрхөө эвдэх бас эвлэх эгшинд” нэртэй шүлгийн номоо хэвлүүлсэн залуу яруу найрагч аж. Яруу найрагч А.Бөхнямын "Бадархундага-2022" яруу найргийн наадмын тэргүүн шүлэг:


АМЬДРАЛ хэмээх таван бадаг АЙ

Адислал нь далд ч,  амьсгал нь алга бүлээцүүлэх эх газрын

Аяган хонхорт цаг хугацаа өндөг шиг дарагдаж

Ариун хийгээд бусармаг үйлийн хөлхөлдөх жим дээр

Амьдрал загасны дүрс шиг язран буй болохыг

Анхалж харсан нүд дээдийн мэлмий билээ...


Үл зохилдох юмс нэгэн савнаа бүрэлдэж

Үлгэр шиг амьдралын хэлээр бид ярилцаад удаж

Үүсэл нь зэрлэг эринтэй хөлдсөн үет хөлтний ч

Үйлт амьдралын тойрог өвсний хөл сүлжин одох

Үгүйрэл гэгээрэл зэрэгцэх хоосон дайдыг

Үгүй дээ ядаж тэмтэрч чадсан гар эхийн мутар билээ


Тэмээ зөөлөн гишгэлсэн өндөр уулын ариун шороо

Тэнчээнд нь бурхан болоочийн биеийг залжээ

Амьсгал татах ахархан зай,  газар тэнгэрийн дунд

Амьдралд хэрэгтэй зүйл нь аргацаасан тайтгарал бус

                                                        гашуун үнэн гэдгийг

Ашид тээсэн сэтгэл эцгийн цээжинд билээ

Өдөр бясалгаж, шөнө идээшигч шувуу намраар

Өтний амь түүж, модны амь аврахыг

Өнгө нь хэрхэн хувирч улирал буй болоход

Өөрийнхөө дотор хувьсагч  хүнийг олж хараад

Өлмий дээрээ зогсож гараа даллах жижигхэн ламаахай

                                                                                            Миний үр билээ.

                                                        Үл ялигхан зайрмагтсан Баян Түрүүний усанд

                                                        Үүл хөвөхийг харж, сэтгэлээ засах тохиол бол

                                                        Үзэгдэх, эс үзэгдэхийн дундуур самбаачлан ниссэн

                                                        Үйлийн үр хийгээд хураангуй амьдрал билээ.

Холбоотой мэдээ