ГОВЬ-АЛТАЙ: Дотуур байранд 1263 хүүхэд амьдарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-11-03 15:17:13

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Дотуур байрны суралцагчийн эрх, хамгаалал, аюулгүй байдал” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг боллоо. 

Говь-Алтай аймаг нь 2022-2023 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын 28 сургуулийн 24 дотуур байранд 1263 хүүхэд амьдрах хүсэлт гаргаж 100 хувь хамрагдлаа. Үүнээс малчны хүүхэд 1190 байна. Дотуур байрны ажилчин ажиллагсад 251, үүнээс багш 26 ажиллаж байна. 

Боловсролын байгууллагын дотуур байран дахь хүүхэд хамгааллын асуудлыг сайжруулах, хүүхэд гэмт хэрэг, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэх чиглэлээр тулгамдаж буй асуудал, шийдлийг хэлэлцэх зорилгоор уг хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.

Хэлэлцүүлгийг аймгийн ЗДТГ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Боловсрол, шинжлэх ухааны газар болон холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж оролцсон юм.

Монгол хүний ондоошил, нүүдлийн соёл иргэншлээ хадгалахад нөлөөлөх нийгэм, эдийн засгийн гол хүчин зүйл нь малчдын хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах асуудал юм хэмээн зохион байгуулагчд онцолж байлаа.


Холбоотой мэдээ