ТӨВ: Энэ намар нэг сая мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-10-13 14:23:00

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд 2022 оны намрын мод тарилтын ажил өнөөдөр эхэллээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд Төв аймаг энэ намар нэг сая мод тарихаар төлөвлөж байна. Харин аймгийн хэмжээнд 2022 оны 8 дугаар сарын байдлаар 4268 иргэн, 1126 аж ахуйн нэгж байгууллага 27,5 га талбайд 428 424 ширхэг мод тарьсан нь 95 хувийн ургалттай байна гэв.

Төв аймгийн 12 суманд 23 мод үржүүлгийн газар байдаг ба тэдгээрт нийт 12,8 сая модны тарьц суулгацыг тарьж ургуулан нөөцөлж байна. Түүнчлэн Зуунмод цэцэрлэгжүүлэлт орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулсан нь их хэмжээний мод тарьж ургуулах, арчлан хамгаалахад мэргэжлийн чиг баримжаатай, зөвлөгөө мэдээлэлтэй, шинжлэх ухааны үндэслэлтэй хандах боломжийг бүрдүүлж байна хэмээн албаныхан онцоллоо.


“Ногоон Төв аймаг” бий болгох зорилтыг дэвшүүлэн 2030 он хүртэл 20,0 сая мод тарих, иргэдэд мод тарьж ургуулах аргачлал зэргийг олон нийтэд сурталчлан ажиллаж байна. 

Холбоотой мэдээ