ГОВЬ-АЛТАЙ: “Өрх бүрт соёлыг түгээе” аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-09-28 14:00:09

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Өрх бүрт соёлыг түгээе” аян есдүгээр сарын 26-наас Говь-Алтай аймгийн хэмжээнд өрнөж эхэллээ.


Өрх бүр угийн бичгээ хөтлөх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлж, гэр бүлийн эрүүл, аюулгүй амьдрах дадал хэвшил, ахуйн соёлыг сурталчлах зорилгоор “Өрх бүрт соёлыг түгээе” аяныг нэг сарын хугацаанд Говь-Алтай аймгийн бүх суманд зохион байгуулах юм. Энэхүү ажлыг тус аймгийн Соёл, урлагийн газар, Насан туршийн боловсролын төв, Боловсрол, шинжлэх ухааны газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн хөтөлбөр, Говь-Алтай аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо, сумдын ЗДТГ, Соёлын төв хамтран зохион байгуулж байгаа аж.

Есдүгээр сарын 26-нд Чандмань сумаас эхэлсэн уг аян "Өрхөөр айлчлагч" сургагч багш бэлтгэх, угийн бичиг хөтлөхийн ач холбогдол, Монгол бахархал, Соёлын тухай ойлголт, орчны эрүүл ахуй, өрхийн ундны усны эрүүл ахуй зэрэг сэдвээр сургалт, мөн НҮБ-ын дэмжлэгээр Говь-Алтай аймагт хэрэгжиж буй” Монгол гэрийн халаалт дулаалга, ЧИП төсөл”-ийн танилцуулга мэдээллийг хүргэж байна.  Үүний зэрэгцээ ЕБС-ийн 8-12 дугаар ангийн сурагчдын дунд "Чихэрлэг яриа" чөлөөт ярилцлагыг "Хүүхдийн оролцоо түүний ач холбогдол" сэдвийн дор өрнүүлж, цэцэрлэгийн хүүхдүүдэд "Гар зөв угаах" дадлыг эзэмшүүлэхэд чиглэсэн яриа сургалтуудыг хийж байгаа тухай тус аймгийн Соёл, урлагийн газраас мэдээлэв.

Сонирхуулахад, энэхүү аяны хүрээнд нийтийн аж ахуйн үйлчилгээг сумдад хүргэх зорилгоор үсчин, маникюр, гар утас засвар, телевизор засвар, гутал засварын үйлчилгээг үзүүлж буй аж.


Холбоотой мэдээ