Рейн мөрний ус багассан нь Германы эдийн засгийн өсөлтөд нөлөөлж болзошгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-08-11 14:27:39

БЕРЛИН. /Reuters/. Энэ зун хэдэн долоо хоног үргэлжлэн халж, хур тунадас орохгүй байгаагийн улмаас Германы худалдааны гол зам болох Рейн мөрний усны түвшин багассан нь тээвэрлэлтийг саатуулж, тээврийн зардал тав дахин нэмэгдэхэд хүргэжээ. 


Швейфцарын Альпын нуруунаас эх авч Германы аж үйлдвэрийн төв болсон бүс нутгуудын дундуур урсаж, Хойд тэнгист цутгадаг Рейн мөрөн бол үр тарианаас авхуулаад химийн бодис, нүүрс тээвэрлэдэг гол зам юм. 


Эдийн засагчдын тооцоолсноор, тээврийн саатал нь энэ онд Германы эдийн засгийн өсөлтийг 0.5 хувиар бууруулж болзошгүй байна.


Роттердамын боомтоос Дуйсбург дахь Германы ган үйлдвэрлэгч “Thyssenkrupp” үйлдвэр рүү төмрийн хүдэр зөөдөг 135 метрийн урт “Servia” гэх зэрэг ачааны хөлөг онгоцууд хүчин чадлынхаа ердөө 30-40 хувьд ачаа тээвэрлэх боломжтой байгаа бөгөөд эс бөгөөс хайргадах эрсдэлтэй байгаа аж.


Рейн мөрний зарим хэсэгт ус татарсан байгаа учир гүехэн усаар явж чадахгүй хөлөг онгоцууд огт явахаа больсон байна.


Тус мөрнөөр ачаа тээвэрлэх зардал зургаадугаар сард нэг тонн нь 20 орчим евро байсан бол 110 евро болж өсжээ. Химийн бүтээгдэхүүний "BASF" групп өнгөрсөн долоо хоногт үйлдвэрлэлээ бууруулахыг үгүйсгэхгүй гэж мэдэгдсэн байна. 


Рейн мөрний усны түвшин бага байгаа нь химийн компаниуд, ялангуяа мөрний дээд хэсэгт үйлдвэрлэлийн байгууламжтай компаниудын зардлыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг бууруулахад хүргэж болзошгүй гэж олон улсын үнэлгээний “Moody's” агентлаг мэдэгджээ.


Энэ мөрөн ширгэсний улмаас Европт сүүлийн 500 жилд тохиож байгаагүй ган гачиг нүүрлэх төлөвтэй байна гэж Британийн "Daily Mail" сонин мэдээлсэн байна.


Рейн мөрний ус хамгийн сүүлд 2018 онд ийм түвшинд хүрч байсан бөгөөд тухайн үед 132 хоногийн турш усан тээвэр хаагдаж, Германыг уналтад оруулах шахаж байжээ. 


Лхагва гарагт гарсан Европын ган гачгийн ажиглалтын газрын хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, ЕХ, Их Британийн нийт газар нутгийн жаран дөрвөн хувь нь одоогоор ган гачгийн аюулын буюу "түгшүүртэй" түвшинд байна. Европын орнуудаас Их Британи, Франц, Бельги, Нидерланд, Герман, Испани, Итали, Унгар, Польш, Румын улс ган гачигт хамгийн их өртжээ. 




Холбоотой мэдээ