Завхан аймаг байгальд ээлтэй аялал жуулчлалын үйл ажиллагааг явуулна

ОРОН НУТАГТ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-05-24 21:33:14

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн аялал жуулчлалын нэгдсэн зөвлөгөөн болж төрөөс аялал жуулчлалын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын хэрэгжилт, үр дүн, тулгамдсан асуудлуудыг хэлэлцжээ. Энэхүү зөвлөгөөнөөс гарсан шийдвэр, Завхан аймгийн аялал жуулчлалын бодлогын талаар аймгийн БОАЖГ-ын Аялал жуулчлал, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Б.Пүрэвжаргалтай уулзаж ярилцлаа.


-Аймгийн аялал жуулчлалын зөвлөгөөнөөс ямар шийдвэрүүд гарсан бэ?

-Өнгөрсөн долоо хоногт аймгийн аялал жуулчлалын зөвлөгөөнийг Тосонцэнгэл сумын Хожуулын гол жуулчны баазад зохион байгууллаа. Энэ зөвлөгөөнийг БОАЖЯ, аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар,  Аялал жуулчлалын холбоо, Best хөтөлбөр хамтран зохион байгуулсан юм.



Зөвлөгөөнд БОАЖС-ын зөвлөх Г.Галбадрах, БОАЖЯ-ны мэргэжилтэн Б.Одбаяр, аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, ИТХ-ын дарга Ц.Улам-Оргих, аймгийн ЗДТГ-ын дарга Г.Мягмарсүрэн, аймгийн БОАЖГ-ын дарга Б.Мөнхбат, аймгийн Аялал жуулчлалын холбооны тэргүүн З.Нарантуяа, Аялал жуулчлалын холбооны дарга Б.Жавхлан нарын албаны хүмүүс оролцлоо.

Мөн аймгийн 24 сумын Засаг дарга нар холбогдох төрийн байгууллагууд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөл гээд 100 гаруй оролцогч оролцсон. Энэ үеэр БОАЖЯ-наас төрөөс аялал жуулчлалын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын хэрэгжилт, Жишиг отоглох цэгийн талаар танилцуулга хийсэн. Мөн аймгийн аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, аймгийн Аялал жуулчлалын холбооны хэрэгжүүлж буй “Улаагчны Хар нуур”-ын техник эдийн засгийн үзүүлэлт, төслийн танилцуулга мэдээллийг Аялал жуулчлалын холбооны тэргүүн З.Нарантуяа танилцуулсан.


Энэ үеэр аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар нээлттэй хэлэлцүүлэг явууллаа. Зөвлөгөөнөөс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, үйлчилгээний байгууллагуудын чанар стандартыг дээшлүүлэх. Жуулчдад зориулсан брэнд бүтээгдэхүүн үйлчилгээг гарган, жуулчдын аюулгүй аялах нөхцөл боломжоор хангах. Эвент үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсон. Манай аймагт жуулчдын сонирхлыг татдаг газрууд олон бий. Тиймээс эдгээр газруудад аялах боломжоор нь хангах ёстой.




-Тухайлбал ямар газрууд байгаа вэ?

-Завхан аймаг нь Монгол Улсын эртний түүхт хотуудын нэг юм. Монгол Улсын баруун хэсэгт баруун талаараа Ховд, Увс, хойд талаараа ОХУ-ын Тува, зүүн талаараа Хөвсгөл, Архангай, урд талаараа Баянхонгор, Говь-Алтай аймагтай хиллэдэг. Улаанбаатар хотоос 1050 километр зайтай оршдог. Хангай, Тарвагатай, Нөмрөг, Хөдрөнгийн нуруу, Их Монгол, Бор хярын үргэлжилсэн элсэн манхад, Бадархундага, Баян, Бүст, Ногоон, Цагаан, Улаагчны хар, Хаг, Холбоо, Ойгон, Тэлмэн нуур,Завхан, Идэр, Мухарт, Тэс, Хүнгүйн голууд, Сангийн хэрэм, Яруугийн хүрээ, Хүрлийн үе, Түрэгийн үеийн Дааган дэлийн буган чулуу хөшөөд зэрэг байгалийн бүс бүслүүрийг багтаасан түүх дурсгал, байгаль цаг уурын өвөрмөц тогтоцтой. Ховор ан амьтан, жигүүртэн шувуудаар баялаг нутаг юм.


Эдгээр аялал жуулчлалын бүс нутаг нь унаган төрхөө хадгалж үлдсэн. Говь хангай хосолсон хүний хөл хүрээгүй нүүдэлчдийн соёлын түүхэн дурсгалт бичиг олон байгаа зэрэг нь аялал жуулчлалын бүтээгдэхүүн болж аялагчдын сэтгэлийг татах аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах боломжтой юм. Монголын аялал жуулчлалд шинэ өнгө төрх болж байгаа сонирхолтой газар нутаг их бий.


Өнөөдөр аймгийн хэмжээнд 1220 гаруй түүх соёлын үл хөдлөх дурсгал бий. Мөн 800 гаруй булаг шанд, 40 гаруй рашаан, 340 гаруй гол горхи, 230 гаруй нуур тойромтой. Ховор ан амьтан, жигүүртэн шувуудаар баялаг юм. Өнөөдөр эдгээр байгалийн унаган төрхийг хадгалах зорилгоор Улсын тусгай хамгаалалттай  дөрвөн газар нутаг, үүнээс нэг дархан цаазат газар үйл ажиллагаа явуулж байна. Тодруулж хэлбэл, Отгонтэнгэрийн дархан цаазат газар, Улаагчны Хар нуурын байгалийн цогцолборт газар, Тарвагатайн нуруу, Хомын талын байгалийн цогцолборт газрууд байна.

-Завхан аймагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний газруудын хүрэлцээ нөөц бий юу?

-Аялал жуулчлалыг хөгжүүлэх гол үйлчилгээ нь жуулчдыг тав тухтай аялуулах, жуулчны бааз, дэн буудал шүү дээ. Мөн отоглох газрууд гээд. Өнөөдөр аялал жуулчлалын чиглэлээр нийт 78 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс гурван зочид буудал, 47 дэн буудал, 18 жуулчны бааз, 10 рашаан сувилал байна.


Тэгэхлээр жуулчдыг татах, тэднийг тав тухтай аялуулах боломж нөөц бий. Гэхдээ үйлчилгээ чухал гэдгийг энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд анхаарах нь чухал юм. Ийм учраас аймаг орон нутгаас баримталж буй бодлого чиглэлд аймгийн аялал жуулчлалын гол туслах маршрутад түшиглэн үйлчилгээ, мэдээллийн төвүүдийг байгуулахад дэмжлэг үзүүлэхээр болсон. Мөн гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг татдаг, жил бүр аялагчдын хөлд дарагддаг Эрдэнэхайрхан сумын нутаг, Улаагчны хар нуур, Отгонтэнгэр хайрхныг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, амрах үдлэх цэгүүдийг байгуулах. Аймгийн аяллын мэдээллийн сайт, аппликэйшн, видео контентыг хөгжүүлэх, сурталчлах, энэ салбарын хүний нөөцийг чадавхжуулах, дэд бүтцийг сайжруулах зорилго, зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Цаашид бид нөөц, даацад тохирсон, байгальд ээлтэй аялал жуулчлалын үйл ажиллагааг эрхлэн явуулах ёстой гэдгийг энэ салбарынхан зөвшилцөөд буй.

-Цар тахлаас болж гадаадад аялахаас илүү Монгол орондоо аялах аялагчдын тоо жил бүр нэмэгдэж буй. Завханд аялагчдын тоо нэмэгдсэн үү?

-Тийм ээ. Сүүлийн жилүүдэд манай аймгийг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэж тэр дундаа цар тахлын хүнд үеүдэд хүртэл дотоодын жуулчдын тоо эрс нэмэгдсэн. Тухайлбал, 2020 онд 28000, 2021 онд 26000 гаруй жуулчин зорин ирсэн байна. Энэ тоог 2019 онтой харьцуулахад 10 гаруй хувиар нэмэгдсэн байгаа юм.


Нэг жуулчин дунджаар аялахдаа 250 мянга орчим төгрөгийн орлого оруулдаг гэж үзвэл жилд дунджаар 6.5 тэрбум төгрөг Завхан аймагт орж ирж байна гэсэн үг юм. Тиймээс бид үйлчилгээ үзүүлж, орлого олж байгаа бол стандарт шаардлагад нийцсэн, байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулах ёстой. Үйлчилгээ сайжрахын хэирээр зорин ирэх жуулчны тоо нэмэгдэх юм гэдгийг энэ удаагийн зөвлөгөөний үеэр салбарын бүх талын төлөөллүүд ярилцаж байсан. Тиймээс ч үйлчилгээгээ сайжруулахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, сайжруулахаар төлөвлөгөө гаргаад байна.

-Мэдээж аялал жуулчлалын салбарт дэд бүтэц чухал?

-Тийм шүү. Аймгийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилт, үйл ажиллагааны хүрээнд Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн 67 км хатуу хучилттай автозам ашиглалтад орсон, Улиастай, Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдсон. Мөн Улиастай суманд Отгонтэнгэр аялал жуулчлалын цогцолборын техник эдийн засгийн үзүүлэлт, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Эрдэнэхайрхан суманд Улаагчны хар нуур төслийн ТЭЗҮ, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хийж байна. Отгонтэнгэрийн дархан цаазат газарт отоглох цэг, Алдархаан сумын Доной хөндий, Их-Уул сумын Цэцүүх багт аялал жуулчлалын мэдээллийн төв, Алдархаан сумын Доной хөндийгөөс Улаагчны хар нуур хүртэлх 74 км хатуу хучилттай авто замын ТЭЗҮ, зураг төслийг хийж байгаа.

Их-Уул, Тосонцэнгэл сумандад аялал жуулчлалын гол чиглэл авто зам дагуу түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор байгуулах талбай, хилийн заагийг тогтоож байна. Их-Уул сумын Цэцүүх, Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуурт эко жорлон, Эрдэнэхайрхан сумын Дүмбэн элсний хамгаалалт, авто зам дагуух мэдээллийн самбаруудыг шинээр байрлуулж, шинэчлэх. Хожуулын рашаан, амралтын газрын тохижилт болон 10кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын угсралтын ажлуудыг хийж байгаа. Түүнчлэн Идэр сумын Ногоон нуурын зам, Цагаанхайрхан сумын төмөр бетонон гүүрнээс, Отгонтэнгэр хайрхан хүртэлх зам засвар, Чулуутын гол, Халтар голуудын шинэ гүүр, Отгон суманд шилэн кабель, Дөрвөлжин сумын Онц, Эрдэнэхайрхан сумын Алтан, Алдархаан сумын Загастайн даваа, Идэр сумын Бөхөн шарын нуруу зэрэг газарт үүрэн холбооны антен суурилуулах зэрэг ажлыг улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байна.

Энэ онд Тэлмэн нуур, Улаагчны хар нуурт отоглох цэг, Тэлмэн нуурын бүсийн аялал жуулчлалын зураг, Яруугийн хүрээг сэргээн, цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэрэг ажлыг гүйцэтгэж байгаа.

-Аялал жуулчлалын чиглэлээр энэ онд хийх гол ажлууд?

-Энэ онд Алдархаан, Тэлмэн, Идэр, Тосонцэнгэл суманд эко ариун цэврийн байгууламж барина. Мөн ITM- Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож Завхан аймгийн аяллын брэнд бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах ажлыг хийнэ. Мөн аймгийн үзэсгэлэнт газруудыг сурталчлах, мэргэжлийн гэрэл зургийн уралдааныг зохион байгуулж, үзэсгэлэн гаргана. Zavkhantravel.com вэб, сайт апплэйкшнийг хөгжүүлэх, үйлчилгээний байгууллагуудын мэдээллийг шинэчлэн оруулах, иргэдэд тус мэдээллийн сайтыг таниулах ажлыг хийнэ. Жуулчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр дундын хамтын ажиллагааг сайжруулахаар төлөвлөсөн. Байгаль, түүх соёлын аялал жуулчлалын эвент үйл ажиллагаагэг зохион байгуулна.

-Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас энэ онд гадаад, дотоодын жуулчдын зорин очих 17 суманд отоглох цэг байгуулахаар төлөвлөсөн байсан. Завхан аймаг хамрагдах уу?


-Тийм ээ. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4.6-д Баян-Өлгий, Увс, Ховд, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Өмнөговь, Дорнод, Завхан аймагт аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлж, отоглох цэг, авто зам дагуу үйлчилгээний цогцолборуудыг байгуулна. Говийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 2020-2024 он хүртэл 100 отоглох цэг байгуулна гэж заасан. Үүний дагуу Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болон бусад жуулчдын гол зорин очдог газруудад ариун цэврийн байгууламж бүхий отоглох хоноглох цэгийг байгуулж байгаа.

Улсын төсвийн хөрөнгөөр барьсан Отоглох цэг нь автомашины зогсоол, тэмдэг, тэмдэглэгээ, морины уяа, мэдээллийн самбар, майхан барих талбай, ширээ, сандлын хослол, ширээ, сандал бүхий дээвэртэй сүүдрэвч, ил гал түлэх зориулалтын цэг, шорлог хийх зуух болон гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл бүхий галын саравчтай. Мөн гэрэлтүүлэг шон, спорт талбай, явган хүний зам, нийтийн ариун цэврийн байгууламжаас бүрдэнэ. Энэ жишгээр 2020 онд улсын төсөв болон KFW төслөөр нийт 16, 2021 онд жуулчдад мэдээлэл өгөх отоглох зургаан цэг байгуулсан байна. Харин энэ онд 12 аймгийн 17 цэгт байгуулахаар худалдан авах ажиллагааг зарлаад байна. Завхан аймгийн тухайд Нөмрөг сумын Тэлмэн нуур, Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуурт отоглох цэгийг дээрх жишгээр аялал жуулчлалын байгаль, түүх, соёлын өв бүхий газруудад байгуулна.

-Танд баярлалаа. 

Холбоотой мэдээ