Завхан аймагт байгаль орчинд ээлтэй шийдлээр дулааны станц барина

ОРОН НУТАГТ | Завхан
myagmarsuren@montsame.mn
2022-05-21 13:56:03

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт 29 МВт-ын хүчин чадалтай дулааны станцын шав тавих ёслол боллоо.

Завхан аймагт барих 25 гкал/цаг буюу 29 МВт-ын хүчин чадалтай дулааны станцын барилга угсралтын ажлын шав тавих ёслолд УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Завхан аймгийн ИТХ-ын дарга Ц.Улам-Оргих, аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, “Бюксан инженеринг” ХК-ийн захирал Чой сан зэрэг албаны хүмүүс, иргэд оролцлоо.

Улсын хэмжээнд 10 аймгийн төвд дэвшилтэт технологийн найдвартай дулаан хангамжийн системтэй болох. Дулаан үйлдвэрлэлээс байгаль орчин, иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах. Хэрэглэгчдийг жилийн турш хэрэглээний халуун усаар хангах зорилгоор БНСУ-ын 148 сая америк долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дулааны цахилгаан станцыг барихаар төлөвлөөд байна. Улсын хэмжээнд нийт 64.6 км дулаан дамжуулах шугам сүлжээ, 88 дулаан дамжуулах төв барихаас Завхан аймагт 13 сая 95 мянган америк долларын хөрөнгөөр 8.4 км дулаан дамжуулах шугам, 11 дулаан дамжуулах төвийг барина гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.







Дулааны станц нээгдсэнээр 100 гаруй ажлын байр бий болно

Завхан аймагт барих дулааны станцын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бюксан инженеринг” ХК, туслан гүйцэтгэгчээр “Мон энержи консалт” ХК ажиллаж байна.

Одоогоор зураг төслийн ажил төлөвлөлтийн шатанд үргэлжилж байгаа. Зураг төслийг хоёр үе шаттай хийж энэ ондоо бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Харин барилга угсралтын ажлыг 26 сарын хугацаанд гүйцэтгэж, 2024 оны халаалтын улиралд ашиглалтад хүлээлгэн өгөх юм. БНСУ-ын зээлийн хөрөнгөөр дулааны станцуудын шугам сүлжээ, дулаан дамжуулах төв зэргийг барина. Харин Монгол Улсын Засгийн газар, улсын болон орон нутгийн төсвөөс дулаан дамжуулах төвөөс хэрэглэгчдэд хүрэх дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэнэ.


Завхан аймгийн төвийн 11 янданг нэгтгэн 60 орчим метрийн өндөртэй нэг яндан болгосноор байгаль орчинд ээлтэй байх нөхцөл бүрдэх юм. Мөн дэвшилтэт технологийн бүрэн шаталттай, автомат удирдлагатай зуух тавьж, уутат болон цахилгаан шүүлтүүрүүд ашиглах учраас агаарын бохирдол эрс буурах юм. Манай аймагт дулааны станц барьснаар иргэд эрүүл, ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөл бүрдэхээс гадна 100 гаруй ажлын байр бий болно. Цаашид одоогийн боловсон хүчнийг давтан сургах, ажилчдыг дотоод гадаадад мэргэшүүлэх тал дээр анхаарч ажиллахаар төлөвлөөд байгаа гэж аймгийн ЗДТГ-аас нэмж мэдээлэв.

 

Холбоотой мэдээ