Завханы Хүүхдийн эмнэлгийг 880.2 сая төгрөгийн буцалтгүй тусламжаар засварлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-03-11 09:32:43

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймгийн “Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн засварын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал нар гарын үсэг зурав.

Япон Улсын Засгийн газрын 2021 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих энэхүү төсөл нь Монгол оронд хэрэгжих хамгийн өндөр дүнтэй төсөл болж байгаа учир уг төслийг амжилттай сайн хэрэгжүүлэхийн төлөө хичээхийн сацуу, аймгийн ард иргэдийн эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй Японы ард түмэнд талархаж байгаагаа аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал илэрхийлэв.


Төслийн хүрээнд Завхан аймгийн Улиастай сумын нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн барилгын иж бүрэн засварын ажил хийгдэнэ. Хүүхдийн тасгийн эрүүл аюулгүйн орчин нөхцөл сайжрахын зэрэгцээ бүс нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ болон эрүүл ахуйн нөхцөл сайжирна гэдэгт итгэлтэй байна.

Япон Улсын Засгийн газар нь Монгол оронд 1990 оноос өдийг хүртэл 32 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 576 дахь төсөл болж, Завхан аймагт хэрэгжих 23 дахь төсөл болж байна. Энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 880,256,859 төгрөг бөгөөд “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Монгол оронд хэрэгжих хамгийн өндөр дүнтэй төсөл болж байна гэж аймгийн ЗДТГ-аас нэмж мэдээлэв.

 

Холбоотой мэдээ