Тайландын Ерөнхий сайд 30 гаруй жилийн дараа анх удаа Саудын Арабад айлчилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-01-26 17:19:50

БАНГКОК. /TASS/. Тайландын Ерөнхий сайд Прают Чан-Оча, Саудын угсаа залгамжлах ханхүү Мухаммед бен Сальман Аль Сауд нар хоёр улсад суух Элчин сайд нараа ойрын хугацаанд томилж, дипломат харилцаагаа хэвийн болгохоор тохиролцжээ.


Энэ тухай хоёр талын уулзалтын дараа Тайландын Гадаад хэргийн яамнаас лхагва гарагт нийтэлсэн Ерөнхий сайд, угсаа залгамжлах хунтайж нарын хамтарсан мэдэгдэлд дурдсан байна.


Мэдэгдэлд дурдсанаар, “талууд дипломат харилцаагаа бүрэн хэвийн болгохоор тохиролцсон байна”. "Энэхүү түүхэн үйл явдал нь харилцан итгэлцэл, найрсаг харилцааг сэргээхийн тулд хоёр талын олон жилийн хүчин чармайлтын үр дүн юм" гэж мэдэгдэлд онцолжээ. Тэд мөн "хоёр орны харилцааг идэвхжүүлэхийн тулд ойрын хугацаанд нийслэл хотуудад суух Элчин сайд нарыг томилох, хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх зөвлөлдөх механизмыг бий болгох зэрэг чухал алхмуудыг хийх" талаар тохиролцсон байна. "Ирэх саруудад стратегийн гол салбаруудад хоёр талын хамтын ажиллагааг хэлэлцэхээр эрчимтэй зохицуулалт хийж эхэлнэ" гэж мэдэгдэлд дурджээ.


Албан ёсны айлчлал

Тайландын Ерөнхий сайд Саудын Арабын угсаа залгамжлах хунтайжийн урилгаар нэгдүгээр сарын 25-нд тус улсад хүрэлцэн ирсэн нь сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд ийм түвшинд хийсэн анхны айлчлал болж байна.


Уулзалтын үеэр талууд мөн “Тайланд, Саудын Араб хооронд үүссэн бүх асуудлыг шийдвэрлэж, хоёр хаант улсын харилцааг хэвийн болгохыг зорьж байгаа гэдгээ нотолсон байна". Прают Чан-Оча, Мухаммед бен Сальман Аль Сауд нар "хоёр хаант улсын найрамдлын хэлхээ холбоог бэхжүүлж, Тайланд, Саудын Арабын харилцаанд шинэ хуудас нээх"-ийн чухлыг онцолжээ.


Хоёр улсын хооронд 1957 онд дипломат харилцаа тогтоожээ. 1984 онд Тайландын төлөөлөгчид Саудын Арабад айлчилсны дараа хоёр улсын харилцаа улам бэхжсэн байна. Гэвч 1989 онд Саудын Арабын ханхүүгийн ордонд ажиллаж байсан тайланд цэвэрлэгч 20 орчим сая ам.долларын үнэт эдлэл хулгайлсны дараа тус улс Тайландтай дипломат харилцааныхаа статусыг бууруулжээ. Үүнээс жилийн дараа Саудын Арабын гурван дипломат ажилтан нэг шөнийн дотор Тайландад амиа алдсан байна.


Мягмар гарагт болсон уулзалтын үеэр Тайландын Ерөнхий сайд "1989-1990 онд Тайландад болсон эмгэнэлт үйл явдалд харамсаж буйгаа" илэрхийлжээ. Прают Чан-Оча Тайланд улс хэргийг шийдвэрлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа гаргаж, "шинэ нотлох баримт гарч ирвэл эрх бүхий байгууллагад шилжүүлэхэд бэлэн байгаагаа" илэрхийлсэн байна. Тэрбээр мөн "Венийн конвенцийн дагуу Бангкок дахь Саудын Арабын ЭСЯ-ны төлөөлөгчдийн зохих аюулгүй байдлыг хангах" Тайландын үүрэг амлалтыг нотолжээ. Талууд мөн Тайланд, Саудын Араб дахь хоёр улсын иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд чадах бүхнээ хийхээ амласан байна.



Холбоотой мэдээ