Найм хоногт 433 чингэлэг ачаа татан авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-01-19 16:21:31
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд Монгол Улсын хилийн боомтын ажлыг сайжруулах, ачаа тээврийг эрчимжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.


Чингэлэг тээвэр эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл найм хоногт нийт 433 чингэлэг татан авчээ. Гаалийн хяналт дуусаж иргэдэд олгосон 278, гүний гааль руу илгээсэн 63, гаалийн бүрдүүлэлт хийж буй 92 чингэлэг байна.


Хятадын талын Хуан Юй гаалийн баталгаат талбайд ачаатай 552 чингэлэг байгаа бөгөөд өдөрт дунджаар 60 чингэлэг татна гэж тооцоход ес хоногийн хугацаа шаардлагатай. Эдгээр чингэлгийг татаж дууссанаар, Эрээн хотод хуримтлагдсан ачаатай чингэлгийг татах ажил үргэлжилнэ.


Замын-Үүд боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбайгаас Бүс нутгийн ложистикийн төв хүртэл тээвэрлэх ажлыг Хил хамгаалах ерөнхий газрын 25 жолооч, Зэвсэгт хүчний жанжин штабын 25 цэргийн алба хаагч жолооч гүйцэтгэж байна.


Замын-Үүд суманд аймаг, орон нутгаас болон бусад хот суурин газраас ирэх зорчигч, тээврийн хэрэгслийн жолооч нараас коронавирусний эсрэг вакцины гуравдугаар тунд хамрагдсан эсэх болон 48 цагийн дотор өгсөн PCR /ПГУ/ шинжилгээний сөрөг хариуг хамт шалган нэвтрүүлж байна.


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, мөн “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах дэвшилтэт технологийн судалгаа, туршилт хийж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг холбогдох хүмүүст даалгав.


Түүнчлэн Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов.

Холбоотой мэдээ