АНУ-ын Сенатын танхим “Умардын урсгал-2” төсөлд хориг тавих хуулийн төслийг дэмжсэнгүй

ДЭЛХИЙД | Улс төр
Jargal.d@montsame.mn
2022-01-14 10:33:51

ВАШИНГТОН. /TASS/.  “Умардын урсгал-2” хий дамжуулах хоолойн төслийн эсрэг хориг арга хэмжээ авах тухай хуулийн төсөл АНУ-ын Конгрессын Сенатын танхимд дэмжигдсэнгүй. Уг төслийг батлах санал хураалтыг пүрэв гарагт явуулжээ.


Сенатч Тед Крузын санаачилсан уг баримт бичгийг батлахад 60 санал шаардлагатай байсан ч авч чадаагүй байна. Тэрбээр Техас муж улсаас Сенатын танхимд сонгогдсон Бүгд найрамдах намын гишүүн юм.


Энэ санаачилгыг Сенатын танхим батлахгүй байх магадлалтай гэж "Politico" сонин өмнө нь мэдээлж байжээ. Уг хэвлэлд бичсэнээр, хийн хоолойд тавих шинэ хязгаарлалтыг дэмжиж буйгаа илэрхийлсэн Ардчилсан намын гишүүд "байр сууриа өөрчлөх дохиог өгчээ". Тодруулбал, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Виктория Нуланд, Төрийн департаментын эрчим хүчний аюулгүй байдлын ахлах зөвлөх Эймис Хокстин нар энэхүү баримт бичгийг дэмжихгүй байхыг ятгахаар даваа гарагт Ардчилсан намын сенатчидтай уулзсан байна.  


Вашингтоны засаг захиргаа уг баримт бичгийг баталснаас хойш 15 хоногийн дотор хийн хоолойд хориг арга хэмжээ авах ёстой гэж Крузын хуулийн төсөлд заажээ. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч цуцлахаар шийдсэн тохиолдолд хоригийг сэргээхээр Конгресст санал хураалт явуулах боломжийг олгосон байна. Төсөлд зааснаар хий дамжуулах хоолойн зураг төсөл, барилга угсралт, ашиглалтыг хариуцдаг компаниуд, түүнчлэн тэдгээрийн зарим ажилтанд хориг арга хэмжээ авах аж. Хориг арга хэмжээнд өртсөн тохиолдол АНУ-д зорчихыг хориглож, мөн тус улс дахь хөрөнгийг нь битүүмжилж, Америкийн иргэд болон компаниудтай бизнес эрхлэх боломжгүй болно.


“Умардын урсгал 2” бол Оросоос Герман руу Балтын тэнгисээр дайруулан байгалийн хий нийлүүлэх 1234 км урт дамжуулах хоолой юм. Герман, Дани, Орос, Финлянд, Швед гэсэн таван орны эдийн засгийн онцгой бүс, нутаг дэвсгэрийн усаар дайруулан тавьсан энэхүү дамжуулах хоолой нь жилд 55 тэрбум шоо метр байгалийн хий зөөвөрлөх хүчин чадалтай. Дамжуулах хоолойн Оросын хэсгийн урт 118 км, Финланд - 374 км, Швед - 510 км, Дани - 147 км, Герман - 85 км юм. Уг хоолойг тавих ажил есдүгээр сард дуусаж, ашиглалтад ороход хэдийнээ бэлэн болжээ.


Украин, Польш, Латви, Литва зэрэг Европын хэд хэдэн улс болон АНУ “Умардын урсгал 2” хоолойг эсэргүүцэж байгаа бөгөөд энэхүү төслийг улс төрийн шинжтэй бөгөөд Европын эрчим хүчний аюулгүй байдалд аюул учруулж байна гэж үзэж байгаа юм. Украин бол Оросоос Европт нийлүүлж буй хийг нутаг дэвсгэрээрээ дамжуулан өнгөрүүлснээр ашиг олдог транзит улс бөгөөд “Умардын урсгал-2” ашиглалтад орсноор Оросын хийнээс орлого олох боломжгүй болно гэж болгоомжилж буй юм.


Уг хоолойг ашиглалтад оруулахын тулд “Nord Stream 2 AG” компанийг оператор компаниар бүртгүүлэх ажлыг дуусгах шаардлагатай. Европын хууль тогтоомжийн дагуу Германд "охин" компани байгуулж, түүний нэрийн өмнөөс хүсэлт гаргах ёстой байна. Дараа нь Германы Сүлжээний агентлаг Европын Комиссоос илэрхийлсэн саналыг харгалзан шийдвэрээ гаргана.


Хэвлэлүүдэд хэдэн сар үргэлжилж магадгүй гэж мэдээлж буй энэ үйл явцыг АНУ-ын шахалтаар зогсоосон байна. АНУ-ын эрх баригчид “Умардын урсгал-2”-ыг Украины эргэн тойронд хурцдаж буй нөхцөл байдалд ОХУ-д шахалт үзүүлэх хөшүүрэг болгон ашиглахыг зорьж байна гэж шинжээчид үзэж байгаа юм. Харин Москва уг төслийг улс төржүүлэхгүй байхыг уриалж, энэ нь зөвхөн эдийн засгийн шинж чанартай гэж мэдэгджээ.


Холбоотой мэдээ