АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар 12-15 насныхныг нэмэлт тунд хамруулахыг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-01-04 09:32:56

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд “Pfizer-BioNTech” компанийн “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунгийн дархлаажуулалтад хамрагдах насыг өргөтгөх зөвлөмжийг даваа гарагт гаргажээ.


Хүнс, эмийн чанарын хяналтын газрын /FDA/ мэдээлснээр, коронавирусний “омикрон” хувилбарын учруулах аюул нэмэгдэж байгаа энэ үед сургуулиуд үйл ажиллагаагаа хэвийн явуулахыг эрмэлзэж байгааг харгалзан 12-15 насны хүүхдүүдийг нэмэлт тунд хамруулахыг зөвшөөрсөн байна.


Мөн тус байгууллага “Pfizer-BioNTech”-ийн вакцины хоёр дахь тунгаа хийлгээд таван сарын хугацаа өнгөрч буй 12-оос дээш насны иргэн бүр нэмэлт тунд хамрагдах боломжтой гэж мэдэгджээ. Өдийг хүртэл хоёр болон гурав дахь тун хоорондын хугацааг зургаан сараар тогтоогоод байсан юм. Үүний зэрэгцээ 5-11 насны сул дархлаатай хүүхдүүдэд нэмэлт тунг тарихыг зөвлөсөн байна.


Хүнс, эмийн чанарын хяналтын газрын зөвшөөрлийг лхагва гарагт Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ болон тус байгууллагын вакцины зөвлөхүүдийн хөндлөнгийн зөвлөлөөс хянан үзэхээр төлөвлөж байна. Тийнхүү ажлын хэсэг “FDA”-гийн үнэлгээтэй санал нэгдвэл ”CDC”-ийн дарга Рошель Валенски тухайн өдрийн орой албан ёсоор мэдэгдэл гаргах төлөвтэй байна. 


Хүнс, эмийн чанарын хяналтын газрын Биологийн үнэлгээ, судалгааны төвийн дарга Питер Марксын мэдээлснээр, одоогоор хэрэглэж буй вакцинуудын нэмэлт тун “дельта”, “омикрон” хувилбарын аль алинаас нь сайн хамгаалах төлөвтэй байгаа ба “омикрон” нь “Pfizer”, “Moderna”-гийн хоёр тунд илүү тэсвэртэй бололтой байна.


АНУ-ын зарим сургууль, тэр дундаа ихэнх их сургуулиуд халдварын тархалтыг сааруулахын тулд түр хугацаагаар зайны сургалтад шилжихээр шийдвэрлээд байгаа бол бусад сургуулиудын хувьд танхимаар үргэлжлүүлэн хичээллэж байгаа ч амны хаалт зүүх журмыг чангатгаад байна.


Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээр, АНУ-д 206 сая орчим хүн буюу хүн амын 62 хувь нь вакцинд бүрэн хамрагдаад байгаа бол түүний гуравны нэг хүрэхгүй хувь нь /69 сая/ нэмэлт тунг тариулжээ. Тус улс нь халдварын улмаас 820 мянга гаруй хүн нас барсан үзүүлэлтээр дэлхийн улс орнуудаас хамгийн эхэнд бичигдэж байгаа юм. 

Холбоотой мэдээ