Аж үйлдвэрийн салбар 80 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-12-10 17:44:24

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн аж үйлдвэрийн салбарын сонирхолтой тоон судалгааг аймгийн Статистикийн хэлтсээс сэтгүүлчдэд өглөө.

Завхан аймгийн аж үйлдвэрийн салбарт 80 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаас гол нэр төрлийн 13 бүтээгдэхүүн нь нийт үйлдвэрлэлийн 47.3 хувийг эзэлж байна. Тухайлбал савхин гутал, хүүхдийн гутал, монгол гутал, монгол дээл, талх, нарийн боов чихэр, жимсний чанамал, архи, дарс ундаа, хийжүүлсэн ус, хиам зэрэг бүтээгдэхүүнүүдийг аймагтаа үйлдвэрлэж байна. Тухайн жил мах үйлдвэрлэл нь нийт үйлдвэрлэлийн 52.7 хувийг эзэлж байна.

Үүнээс гадна тус аймгийн уул уурхайн салбарт алт, мөнгөний олборлолтыг хийж байгаа боловч нийт үйлдвэрлэлд орохгүй байна. Эдгээр гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ цаашид нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн жилүүдэд төр засгаас үйлдвэржилтийг дэмжсэн бодлого, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа нь боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэхэд үр дүн үзүүлсэн. Өнөөдөр боловсруулах салбарт модон эдлэл гараар урласан сийлбэр, гэрийн тавилга, сүлжмэл эдлэл, ноосон цамц, өмд, малгай, ороолт даавуу, цаасан уут, тор, савхин түрүүвч, тэлээ гэх мэт бүтээгдэхүүнийг аймагтаа үйлдвэрлэж эхэллээ гэв.

Сүүлийн гурван жилд хүнсний үйлдвэрлэл жигд өсөх хандлагатай байна

Завхан аймгийн сүүлийн 10 жилийн нийт үйлдвэрлэлтийг авч үзэхэд өссөн дүнтэй байна.

Гэхдээ 2020 онд бууралттай харагдаж байгаа нь дэлхий нийтийг хамарсан цар тахал, түүнтэй холбоотойгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь үйлдвэрлэлд нөлөөлсөн байна. Тухайлбал, 2020 оны аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл оны үнээр 34 тэрбум 785.0 сая төгрөг болж, өнгөрсөн оноос 7.9 хувь буюу 2 тэрбум 985.7 сая төгрөгөөр буурчээ. Нийт үйлдвэрлэлээс аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл нь 28 тэрбум 327.1 сая төгрөг, иргэдийн үйлдвэрлэл нь 6 тэрбум 457.9 сая төгрөг болсон байна. Харин энэ оны 11 дүгээр сарын байдлаар аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл оны үнээр 26 тэрбум 498.7 сая төгрөг болж, өнгөрсөн оноос 37.3 хувиар өссөн дүнтэй байна. Аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс харахад сүүлийн гурван жилд дулааны үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь жигд өсөх хандлага ажиглагдаж байна.

Нэг хүнд ногдох аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ өсжээ

Завхан аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 оны байдлаар 488.7 тэрбум төгрөг болж өсжээ.

Аж үйлдвэрийн салбар 74 тэрбум 426.6 сая төгрөг буюу 15.2 хувь, хөдөө аж ахуйн салбар 52.4 хувь, худалдаа үйлчилгээний салбар 32.4 хувийг эзэлж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрийн салбарын эзлэх хувь 2010 онд 6.2 хувь байсан бол 2014 онд 14.0 хувь болж өссөн байна. Харин 2011 оны аж үйлдвэрийн салбарын нэмэгдэл өртөг 86.1 хувь байсан бол 2016 онд 77.3 хувь хүртэл буурсан байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд аж үйлдвэрийн салбарын бүтцээр авч үзвэл уул уурхай, олборлох 0.9 хувийг, боловсруулах үйлдвэрлэл 13.1 хувийг, цахилгаан, дулаан, усан хангамж 10.9 хувийг, барилга 0.7 хувийг эзэлж байна. Нэг хүнд ногдох аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ 2010 онд 141.8 мянган төгрөг байсан бол 2020 оны байдлаар 524.1 мянган төгрөг буюу 3.7 дахин өссөн байна. Энэ нь жил бүр тогтмол өсөлттэй байсны дээр тухайн жил мах боловсруулах үйлдвэрлэл, дулааны үйлдвэрлэл нэмэгдсэнтэй холбоотой байна. 

Баруун бүсийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 17.6 хувийг үйлдвэрлэжээ

Завхан аймгийн аж үйлдвэрийн салбарт нийт 1246 ажиллагсад ажиллаж байна.

Эдгээр ажиллагсдын нэг хүний хөдөлмөрийн бүтээмж 30.8 сая төгрөг, жилд дунджаар 150.2 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Аймгийн нийт үйлдвэрлэлд аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл 76.2 хувийг иргэний үйлдвэрлэл 23.8 хувийг эзэлж байна. Нэг хүнд ногдох аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ 2010 онд 141.8 мянган төгрөг байсан бол 2020 оны байдлаар 524.1 мянган төгрөг буюу 3.7 дахин өссөн байгаа нь жил бүр тогтмол өсөлттэй байсны дээр тухайн жил мах боловсруулах үйлдвэрлэл, дулааны үйлдвэрлэл нэмэгдсэнтэй холбоотой байна. Харин Завхан аймгийн аж үйлдвэрийн салбар нь баруун бүсийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 17.6 хувийг үйлдвэрлэжээ.

Нэг ажилчин жилд дунджаар 150.2 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Завхан аймгийн хэмжээнд аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын тоон судалгаанаас харахад хамгийн олон үйлдвэрлэгч нь Улиастай, Тосонцэнгэл, Их-Уул, Идэр, Дөрвөлжин, Тэлмэн сум байна.

Аймгийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийг авч үзэхэд нэг ажилтны хөдөлмөрийн бүтээмж, нэг өдрийн үйлдвэрлэлтийн хэмжээ, нэг хүнд ногдох үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээ зэрэг жил бүр нийт үйлдвэрлэлийн хэмжээний өсөлтийг даган өсөж байна. Тиймээс цаашид үйлдвэрлэлийн хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг улам хурдацтай нэмэгдүүлэх, хангахад жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, санхүүгийн болон тоног төхөөрөмж бусад хөнгөлөлт, эх үүсвэрийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Манай аймгийн хувьд зах зээлээс алслагдмал, дэд бүтцийн хөгжил сул, хүн амын нягтаршил бага байдаг зэрэг нь жижиг дунд үйлдвэрлэлийн өсөлтөд зарим талаар нөлөөлж байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс тус тус мэдээлэв.

Холбоотой мэдээ