Монгол бөхөнд шүлхий өвчний зарим шинж тэмдэг ажиглагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-12-07 17:30:06

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабын 2021 оны 88 тоот тогтоолоор монгол бөхөнд шүлхий өвчин халдварласан байж болзошгүйтэй холбогдуулан тандалт судалгаа хийхийг даалгажээ.

Үүний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мал эмнэлгийн газар, Дэлхийн байгаль хамгаалах сангаас хамтарсан ажлын баг байгуулж, монгол бөхөн шүлхий өвчнөөр өвчилсөн тухай тандалт судалгаа хийсэн байна. 

Тодруулбал, тус ажлын багийнхан 2021 оны 12 дугаар сарын 1-2-ны өдөр Чандмань, Дарви суманд очиж ажиллажээ.

Чандмань сумын Тэсэг, Цагаан дугуй, Дэнгийн оргидог, Өнчин толгой, Ширээ, Жуулайн хургад, Өлгий хөх, Арлын ам зэрэг газраар явахад 450-500 орчим бөхөн тархсан байна. Үүнээс 40-50 орчим буюу 10 хувь нь сүргээс хоцорч, доголсон шинжтэй бөгөөд доголсон бөхөнгийн ихэнх хувь нь ооно байна.

Мөн Дарви сумын Мөнгөн аяга багийн нутаг Тунгалагийн ус, Хотгорын худаг зэрэг газраар явж, 40 орчим бөхөн үзэхэд доголсон бөхөн ажиглагдсангүй гэж Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Одоогийн байдлаар монгол бөхөн шүлхий өвчнөөр өвчилсөн тохиолдол Ховд аймагт бүртгэгдээгүй. Мэргэжлийн байгууллагаас албан ёсны шинжилгээ аваагүй байгаа бөгөөд зарим мэргэжилтнүүдийн хэлснээр бөхөнд шүлхий өвчний зарим шинж тэмдэг ажиглагдсан байна.    

Холбоотой мэдээ