Нэгдсэн эмнэлэгт 10 ортой нярайн тасаг нээв

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-12-03 19:38:17

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт 10 ортой нярайн тасаг нээжээ.

Шинээр нээж буй нярайн тасагт АНУ-ын Link Hands for Humanity байгууллагын П.Чулуунбат тэргүүнтэй Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас 249.021.000 төгрөгийн үнэ бүхий нярайд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хандивласныг хүлээн аваад байна.

Тухайлбал, нярайн эмчилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай 29 нэр төрлийн 80 ширхэг тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийг хандивлажээ. Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 40 ортой хүүхдийн тасаг үйл ажиллагаа явуулж байна. Тус тасаг бүх насны хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж буй ч ачаалал хүрэлцдэггүй. Зөвхөн нярайд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх тасаг нээх зайлшгүй шаардлага бий болсон. Тиймээс шинээр нээж буй тасаг нь эмчилгээ шаардлагатай нярайг цаг алдалгүй хэвтүүлэн эмчлэх боломжтой боллоо гэж аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээлэв.



Нярайн нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагджээ

Амаржих газрын нярайн тасагт JCI байгууллагын “SAVE ANGELS” төслөөс мөн нярайн эрчимт эмчилгээнд зориулж тоног төхөөрөмжүүдийг хандивласан.  

“SAVE ANGELS” төслөөс хандивласан нярайн нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хэрхэн ашиглах заавар зөвлөмжийн сургалтыг эх баригч, эмч, мэргэжилтнүүдэд тодорхой үе шаттай хийжээ. Ингэснээр сүүлийн үеийн шаардлагатай тоног төхөөрөмжүүд дээр ажиллах эмч мэргэжилтнүүд дадлагажиж туршлагажих боломжтой болсон. “SAVE ANGELS” төслийн 105  сая төгрөгийн үнэ бүхий дээрх тоног төхөөрөмжүүд нь  нярайн эрчимт эмчилгээнд нэн чухал төхөөрөмжүүд юм. Цаашид тус аймагт нярайн эндэгдэл гарах эрсдэлээс хамгаалж чадна. Аймгийн 50 ортой Амаржих газарт өдөрт дунджаар 5-8 эх төрдөг. 15 ортой эмэгтэйчүүдийн тасагтаа төрөх насны эмэгтэйчүүдийг оношилж, хэвтүүлэн эмчилж байна гэж Амаржих газраас нэмж мэдээлэв. 

Холбоотой мэдээ