Глазгогийн дээд хэмжээний уулзалтаар Уур амьсгалын тухай гэрээ баталлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2021-11-14 11:07:16

ГЛАЗГО. /BBC/. Шотландын Глазго хотноо болсон уур амьсгалын тухай НҮБ-ын Суурь Конвенцод оролцогч талуудын 26 дугаар бага хуралд /COP26/ оролцогчид эцсийн гэрээнд гарын үсэг зурлаа.


Энэхүү гэрээний гол зорилго нь 2030 он гэхэд агаар мандалд хүлэмжийн хийн ялгарлыг хамгийн их хэмжээгээр бууруулах юм. Гэсэн хэдий ч олон шинжээч энэ талаар санал болгож буй арга хэмжээ нь хангалттай амбицтай биш байна гэж үзэж байна.


Түүхэнд Глазгогийн уур амьсгалын гэрээ хэмээн тэмдэглэгдэн үлдэх уг гэрээний гол заалтуудыг дурдвал,

  • Байгаль орчинд хамгийн их хор хөнөөлтэй чулуужсан түлш болох нүүрсний хэрэглээг аажмаар багасгах
  • Хийж буй ажилдаа илүү тогтмол дүн шинжилгээ хийх
  • Ядуу буурай болон хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд үзүүлэх санхүүгийн тусламжийг нэмэгдүүлэх гэсэн заалтууд юм.

Хэдийгээр гэрээнд  200 орчим орны төлөөлөгчид гарын үсэг зурсан боловч үндсэндээ бүх заалт нь талуудын хооронд санал зөрөлдөөн үүсгэжээ.


Тухайлбал, уг баримт бичгийн эх бичвэрт нүүрсний хэрэглээг бүрмөсөн бөгөөд хамгийн хурдан хугацаанд зогсоох тухай ярьж байсан боловч Энэтхэг улс "үе шаттайгаар татгалзах" болгож өөрчлөхийг шаардсан байна.


Энэтхэгийн Байгаль орчны сайд Бупендера Ядавагийн хэлснээр, хөгжиж буй орнууд хөгжлийн стратеги, ядуурлаас ангижрах талаар ярьж байгаа үед чулуужсан түлшнээс татгалзана гэж амлаж чадахгүй.


Энэ заалтыг өөрчлөхийг Барууны олон орны төлөөлөгчид эсэргүүцсэн боловч Энэтхэг улс байгаль орчны бохирдлоороо дэлхийд гуравт ордог тул гэрээнд гарын үсэг зурах нь туйлын чухал юм.


Үүний зэрэгцээ, дэлхийн дулааралтай тэмцэхэд ядуу буурай орнуудад 100 тэрбум доллар олгох тухай өмнөх хэлэлцээр хараахан биелээгүй байгаа тул эдгээр орнуудын санхүүжилтийг нэмэгдүүлэх заалт төлөөлөгчдийн дунд эргэлзээ төрүүлсэн байна.


Дээд хэмжээний уулзалтад оролцогчдын хамтдаа хүлээсэн үүрэг амлалт нь дэлхийн дулаарлыг Цельсийн 1.5 хэмд барихад хангалтгүй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Чухам энэ зорилтыг зургаан жилийн өмнө Парисын хэлэлцээрт тусгасан бөгөөд эхний үр дүнг COP26-д нэгтгэн дүгнэжээ.


Дээд хэмжээний уулзалт эхлэхээс ч өмнө олон шинжээч хэд хэдэн шалтгааны улмаас энэ удаагийн бага хурлаас ямар нэгэн ахиц дэвшил гарна гэж найдахгүй байгаагаа гэж хэлж байв. Энэ нь юуны өмнө олон улсын томоохон тоглогчид болох ОХУ, БНХАУ-ын төлөөлөгчид уулзалтад оролцоогүйтэй холбоотой юм.


Түүнчлэн АНУ-ын засаг захиргаа уур амьсгалын асуудлаар Сенатын танхимд одоог хүртэл бүрэн дэмжлэг авч чадаагүй байгаа тул тус улс дээд хэмжээний уулзалтад үйл ажиллагааныхаа талаар тодорхой хөтөлбөр танилцуулаагүй байна.


Дээд хэмжээний уулзалтын ерөнхийлөгч Алок Шарма хаалтын үг хэлэхдээ, уулзалтын үр дүн хүн болгоны сэтгэлд нийцэхгүй байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн ч ололт амжилтаа хамгаалах нь туйлын чухал гэж мэдэгджээ.


Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Глазгогийн дээд хэмжээний уулзалт нь дэлхийн дулаарлын төгсгөлийн эхлэл болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.


Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен бага хурлын төгсгөлд баталсан гэрээг "зөв чиглэлд хийсэн алхам" гэж тодорхойлжээ. 


Холбоотой мэдээ